Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд Гүрж Улсын Тбилиси хотноо зохион байгуулсан “Өөрчлөлтийн үед бүс нутгийн хамтын ажиллагааг сэргээх нь” сэдэвт сайд нарын 22 дахь уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж оролцлоо.
Тус хурлаар бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа, цаашлаад тээвэр, логистик болон худалдааны боломжийн талаар хэлэлцэж, энэ хүрээнд гишүүн орнууд саналаа солилцов. Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили болон Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава нар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ өнөөгийн хөхцөл байдалд Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг дурдаад энэ тал дээр ахиц гаргаж, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон бол Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж КАРЕК хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж, цаашид идэвхитэй оролцоог ханган ажиллах талаар дурдав.