Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна.
Тухайлбал, 2019 оны хорёдугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн ҮАБЗ-өөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой албан бичгийг УУХҮ-ийн сайдад ирүүлж байжээ. Үүнд:
-Гэрээнд 1м3 уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам доллар буюу 10,515 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхын баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүрсэн байна.
-Гэрээнд олборлолтын хөлсийг үйл ажиллагааны бодит зардлын дүнгээр төлнө гэж заасны дагуу 2012-2014 оны наймдугаар сарын хооронд нийтдээ жилдээ 116.4 сая ам.доллар төлсөн байна. Үүний 10.4 сая ам.доллар буюу 19.4 тэрбум төгрөг төлөх үндэслэлгүй байна.
-Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт олборлогчоор ажиллаж байгаа "Ти ти Жи Ви Си Өү" ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дуусч байгаа тул гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн тусгажээ.