Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ариунгуа: Сонсогч байхдаа маш их зүйл туулж, амьдрал үзсэн хүн чинь цагдаагийн албанд зүтгэхдээ айж, халшрахаа больчихдог юм байна лээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 36 секунд

Хүн бүрд хүүхэд насыг нь санагдуулдаг дуу, шүлэг, дурсамж гэж байдаг. Тэдний нэг нь тэртээ 2000-аад онд хүүхэд багачуудыг телевизийн өмнө “уядаг” байсан “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийн байнгын үзэгчид өдгөө 30 гарч яваа ч Лоолойгийн найзууд, хөтлөгч Л.Шинэбат, Б.Ариунгуа гэх нэрийг сонсох төдийд л бага насныхаа дурсамжаар аялсан юм шиг болдог гэхэд хол зөрөхгүй байх. Тиймээс бид Лоолойгийн найзууд нэвтрүүлгээрээ бидний эчнээ танил болсон “хөтлөгч” Б.Ариунгуатай ярилцлаа.

Та бидний дурсамжид мөнхөрсөн алаг нүдэн охин ч өдгөө 2 хүүхдийн ээж болж, тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч болсон байна.

-Дүрэмт хувцас өмсөж цагдаагийн алба хаагч болоод хэр удаж байна вэ. Хөтлөгч эсвэл жүжигчин болох байх гэж боддог байлаа?

-Би ДХИС-ийг цагдаа, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоо ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ахлах дэслэгч цолтой. Тав дахь жилдээ цагдаагийн албанд ажиллаж байна.

-Б.Ариунгуаг Лоолойгийн найзууд нэвтрүүлгээр нь андахгүй сайн танина. Бүгд телевизийн эсвэл урлагийн хүн болно гэж бодож байсан болов уу?

-Яг үнэнийг хэлэхэд би өөрөө ч тэгж л боддог байсан. Тийм ч болохоор ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд СУИС-ийн Театрын жүжигчний ангид элссэн. Нэгдүгээр курсээ төгссөний дараа яагаад ч юм жүжигчин болмооргүй санагдаад мэргэжлээ солихоор шийдсэн. Би ширээний ард суусан, бичиг цаас хариуцсан ажил хийхийг хүсдэггүй учраас ээж, аавтайгаа ярилцсаны үндсэн дээр цагдаа болохоор шийдсэн.

-Энэ шийдвэртээ харамсаж байсан удаа бий болов уу. Эмэгтэй хүнд хэцүү алба гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Харамсаж байсан удаагүй. Харин ч зөв шийдвэр гаргасан гэж боддог. Хэцүү юу гэвэл мэдээж хэцүү. Хамгийн хэцүү, хүнд санагдаж байсан үе гэвэл сонсогч байсан үеэ хэлнэ. Яагаад гэхээр би спортын ямар ч авьяасгүй хүн. Бөмбөг ч залж чаддаггүй. Хүүхэд нас минь тайз дэлгэцтэй их ойрхон байсан. Төгсөөд жүжигчний сургуульд сурч байсан надад гүйж харайх, дасгал хөдөлгөөн хийх тийм ч амар байгаагүй. Тэглээ гээд сүүл мушгиад, салааныхаа хүүхдүүдээс хоцроод байхгүй. Ар хавьцаа гүйж л байдаг сонсогч байсан. Энгийн амьдралаар амьдарч байгаад гэнэт цэрэгжилтийн байдалд шилжихээр шоконд ордог юм байна лээ. Сургуульд элссэний дараа явсан цэргийн алба дүйцүүлж хаах 45 хоногийн карантиныг бол ярих ч юм биш. 45 хонохдоо нусаа хацартаа наана гэдэг нь л болсон. Хоёр хацар сайртаад, би чадахгүй юм байна гээд шантарч байсан үе ч байгаа. Эцэст нь энэ бүгдийг давж гараад Цагдаа, эрх зүйч гэх мэргэжлийг эзэмшсэн. Сонсогч байхдаа ийм их зүйл туулж, амьдрал үзсэн хүн чинь албанд зүтгэхдээ айж, халшрахаа больчихдог юм байна лээ. Би энэ мэргэжлийн сонгосон. Энэ бол байх л ёстой зүйл гэж хүлээж авдаг болсон.

-Тэгвэл өөрийг тань хурцалж, урагшлуулдаг сайн сайхан зүйл нь юу юм бол?

-Яг одоо миний хийж байгаа ажил гэж би хэлнэ. Миний одоо хийдэг ажил цагдаагийн байгууллагын хамгийн гэгээлэг, соён гэгээрүүлэх боломжтой ажил гэж би хардаг. Та залилангийн гэмт хэргийн хохирогч болчих вий дээ. Хулгайд ямар нэг эд зүйлээ алдахаас сэргийлэхийн тулд үүн дээр анхаараарай гэх мэтчилэн урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээж, аян, арга хэмжээг зохион байгуулдаг учраас би ажилдаа дурлаж хийдэг. Яг одоо бол би “Цахим зөвлөмж” нэртэй цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажил дээр төвлөрч ажиллаж байна. Сошиал ертөнц хөгжиж байгаатай холбоотойгоор цахим залиланд өртөж, хохирч байгаа иргэд маш олон байна. Фэйсбүүкийг нь хакердаж найзуудаас нь мөнгө зээлэх, өв залгамжлагч боллоо гэж урьдчилгаа авах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, зохион байгуулалттайгаар залилан мэхлэх гэх мэт маш олон сөрөг үр дагавар гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдлэг мэдээллийг иргэдэд хүргэхэд төвлөрч ажиллаж байна.

-Лоолойгийн найзуудыг хөтөлж байсан тухайн цаг үеийг эргээд дурсвал. Хамгийн тод үлдсэн дурсамж нь юу байна вэ?

-Манай эгч хүүхдийн ордны англи хэлний дугуйланд явдаг байсан. Би эгчтэйгээ барьцаад бүжгийн дугуйланд явахаар очсон ч элсэлт нь дуусчихсан байсан болохоор театрын дугуйлан явж эхэлсэн. Дугуйландаа явж эхэлснээс хойш сарын дараа хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч сонгохоор Ө.Нямсүрэн найруулагч маань ирсэн. Шалгаруулалтын дүн гарахад Л.Шинэбат бид хоёр тэнцсэн. Тухайн үед Л.Шинэбат надаас хоёр насаар ах, надтай харьцуулахад Орхидос кино, орех-ын зайрмагны рекламд тоглочихсон “од ах” байсан. Анх UBS телевизэд “Миний цаг” нэртэй нэвтрүүлгээр нэг жил орчим яваад, дараа нь TV9 телевиз рүү шилжээд “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг 5-6 жил орчим хөтөлсөн. Эргээд бодоход хүүхэд нас минь Лоолойгийн найзууд нэвтрүүлэгтэй хамт их л завгүй өнгөрсөн байна. Аав, ээж маань өглөө хэдэн цагт гэнэ хүргэж өгөөд л, шөнө орой болсон хойно тарахад ирж авдаг байлаа. Л.Шинэбат бид хоёр цалин авдаггүй, сайн дураараа ажилладаг байсан. Хүмүүс “Чи баяжсан уу. Хэдэн төгрөгийн ашиг олсон бэ” гэж асуудаг. Эргээд бодоход энэ нэвтрүүлэг надад цалин мөнгөнөөс илүү их зүйлийг өгсөн гэж боддог.

-Л.Шинэбаттай одоо холбоотой байдаг уу?

-Манай Л.Шинэбат БНСУ-д найруулагчаар сурч байгаа. Энэ жил төгсөнө. Өөр улсад байгаа. Аль аль талдаа ажилтай, амьдралтай болчихсон учраас өдөр шөнөгүй чатлаад, байнга холбоотой байж чаддаггүй. Хэрэгтэй үедээ нэгэндээ тусалдаг, зөвлөдөг тийм л найзууд. Сургуулиа төгсөөд ирэхээр нь л тухтай уулзахаар төлөвлөж байна даа.

-ЕБС-аа төгсөөд жүжигчин болно гээд СУИС-д элсэж байсан Б.Ариунгуа өнөөдөр цагдаагийн алба хаагчийн амьдралаар амьдарч байгаа Б.Ариунгуа хоёрын хооронд хэр том ялгаа байгаа вэ?

-Маш их ялгаа бий. Хамгийн энгийн ганцхан жишээ бол өмсдөг хувцсанд хүртэл өөрчлөлт гардаг. Өмнө би гоё ганган палаж өмсөх дуртай, ээмэг зүүлт элдэв янзын гоёл чимэглэл зүүх дуртай байсан бол өнөөдрийн би хөл, гараа ил гаргасан плаж өмсөж чаддаггүй. Элдэв янзын ээмэг зүүлт зүүдэггүй, үсээ шууж боочхоод л явж байдаг болсон. Биеэ авч явах байдал ч огт өөр болчихдог юм байна лээ. Бас би өнөөдөр хоёр хүүхдийн ээж, айлын эхнэр болсон байна. Тэр хэрээрээ амьдралд хандах хандлага, хариуцлага нэмэгдсэн.

Улаанбаатарт -16 хэм хүйтэн, ялимгүй цастай
Улаанбаатарт -16 хэм хүйтэн, ялимгүй цастай
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.