Зургийн эх сурвалж: TASS
Түлхүүр мэдээлэл:
- Одоогоор Оросын Холбооны Улсад 17 судалгааны байгууллагын 26 коронавирусний вакцин туршилтын шатандаа явж байна.
- 2021 оны эхэн үе гэхэд вакциныг сая, саяаар нь үйлдвэрлээд эхэлчихсэн байх болно.
- Есдүгээр сард анхны вакцин бэлэн болох төлөвтэй байгаа аж.
ОХУ-ын Худалдаа, Үйлдвэрлэлийн сайд Денис Мантуров:
“2021 оны эхэн үе гэхэд Орос улс коронавирусний эсрэг вакциныг аль хэдийн сая, саяаар нь үйлдвэрлэж эхэлсэн байх болно. Мөн эдгээр үйлдвэрлэл нь нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар дахь хэрэгцээ шаардлагаас хамаарна. Эпидемиологи, Микробиологийн Гамалея Үндэсний Судалгааны Төвийн боловсруулж буй вакцины үйлдвэрлэлийг есдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байна.” хэмээн мэдээлжээ.
Мөн түүний хэлснээр “Ингэснээр бидний урьдчилан тооцоолж буйгаар есдүгээр сараас эхэлсэн үйлдвэрлэл маань хэдэн зуу, хэдэн мянгаар хэмжигдэж явсаар дараа жилийн эхэн үе гэхэд хэдэн саяар нь үйлдвэрлэх боломжтой юм. Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс бид чадах бүхнээ хийх болно.” гэсэн юм.
Нийт 17 судалгааны байгууллагад 26 өөр вакцины хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд эхнээсээ сайн дурын хүмүүс дээр туршилтаа явуулж байгаа ажээ. Эхний ээлжний вакцинууд 2020 оны есдүгээр сард, хоёр дахь ээлж нь аравдугаар сард ашиглагдаж эхлэх төлөвтэй байгаа аж.
Дэлхий дээр нийт 18 сая коронавирусний тохиолдол бүртгэгдснээс 10,7 сая хүн эдгэж 689 мянга гаруй хүн нас бараад байна. Харин ОХУ-д 856 мянган тохиолдол бүртгэгдснээс 654 мянган хүн эмчлэгдэж 14 мянга гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: TASS