Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн суурь барилгын ажлыг 16 хоногт эхлүүлж, гүйцэтгэгчийг тав хоногт сонгохыг үүрэгдэж байжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

Үндэсний аудитын байгууллагаас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд ТЭЗҮ-д заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй замууд болсон байна хэмээн дүгнэсэн байдаг. Өнгөрөгч онд сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд аудитаас ямар "сонирхолтой" дүгнэлтүүд гаргасныг уншигч танд хэсэгчлэн сонирхуулья.

-Анхнаасаа хил холболтын цэгийг харилцан тохиролцоогүй тул Хятадын талыг 2-3 жил "ХҮЛЭЭНЭ"-

Аудитын дүгнэлтэд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зам баригдсан ч БНХАУ-ын талтай хил холболтын цэгийг харилцан тохиролцоогүй, хил дамнасан тээвэрлэлт хийх боломжгүй хэмээн дурджээ. Ингэхдээ БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпораци ХХК-ийн боловсруулж байгаа хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагдаж бүтээн байгуулалтын ажил дуусах хүртэл 2-3 жил шаардагдахаар байна гэжээ. Ийнхүү төмөр замын хил холболтын цэгийг төр засгийн түвшинд БНХАУ-ын талтай урьдчилан тохироогүй нь УИХ-аас 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд “ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замнал /маршрут/-ыг бий болгон далайн боомтуудад гарцтай болох” гэсэн заалт хэрэгжихгүй байх нөхцөл болсон хэмээн дүгнэсэн аж.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төлөвлөсөн хугацаанд хэрэгжээгүйгээс 213 тэрбум төгрөгийн орлого олох боломжоо алдсан-

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2022 онд 124.8 мянган тонн ачаа тээвэрлэж 5,2 тэрбум, 2023 оны эхний 6 сард 239.2 мянган тонн ачаа тээвэрлэж 6,5 тэрбум, нийт 364.0 мянган тонн ачаа тээвэрлэж, 11,7 тэрбум төгрөгийн орлого олсныг ТЭЗҮ-ээр төлөвлөсөнтэй харьцуулбал, төслийн ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжээгүйгээс 213 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байна

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ХХК-г ТАВ ХОНОГИЙН дотор шалгаруулж, гэрээ байгуулжээ-

Төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг ХЭЛБЭР төдий зохион байгуулсан хэмээн аудит дүгнэжээ. Үүнд ердөө таван өдрийг зарцуулсан гэнэ. Тодруулбал,

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хамтарсан есдүгээр сарын 5-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу ТЕГ-аас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн замыг төрийн нууцад хамааруулж, есдүгээр сарын 10-ны дотор төмөр замын гүйцэтгэгчийг сонгох ажлыг зохион байгуулахыг тухайн үед "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалд даалгажээ.

Ийнхүү дөрөв хоногийн дараа буюу есдүгээр сарын 9-нд Н.Удаанжаргал Тавантолгой төмөр зам ХХК-ийн ТУЗ-ийн хуралд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ХХК-г сонгосон талаар танилцуулсан бөгөөд гэрээ байгуулахыг ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, тогтоол гаргахаар тогтжээ. Тухайн өдөртөө Тавантолгой төмөр зам ХХК-ийн ТУЗ 16 дугаартай тогтоол гаргаж, Эрдэнэс-Тавантолгой ХК болоод Засгийн газарт танилцуулж, дэмжүүлжээ.

Ийнхүү аудитын байгууллагаас Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг тогтоол гарснаас хойш ажлын 16 хоногт багтаан эхлүүлэхийг даалгасан, УУХҮС, ЗТХС, ТӨБЗГ-ын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хамтарсан тушаалаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг 5 хоногийн дотор сонгохоор заасан хугацаа нь төслийн гүйцэтгэгчийг сонгох, чадамжийг үнэлэх боломжгүй хугацаа бөгөөд Төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэржүүлсэн төдий шийдвэрүүд гаргасан хэмээн дүгнэсэн байна.

-Н.Удаанжаргал гуравдагч этгээдийн баталгаагүйгээр өөрөө баталгаа гаргаж, 110 сая ам.долларын урьдчилгаа олгожээ-

Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон байна...

Бодь интернэшнл ХХК 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гүйцэтгэлийн баталгааг өөрийн хөрөнгөөр гаргахаар шийдвэрлэсэн тогтоолыг гаргажээ. Уг тогтоолдоо "Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэхээр амлаж, хэрэв энэхүү үүргийн гүйцэтгэлийн зөрчил болон гэрээтэй холбоотой аливаа бусад асуудлын улмаас захиалагчид ямар нэгэн төлбөр төлөх үүрэг үүссэн тохиолдолд 17.6 сая ам.доллар түүнтэй тэнцэх мөнгөн дүнгээс хэтрэхгүй хэмжээгээр уг төлбөрийг захиалагч Тавантолгой төмөр зам ХХК-д зохих ёсоор, бүрэн дүүрэн төлж барагдуулна гэдгийг бид эргэлт, буцалтгүй, нөхцөл болзолгүйгээр баталж байна" гэх баталгааг гаргажээ. Тус баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бодь интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ.

Ийнхүү ажил гүйцэтгүүлэхдээ үүргийн гүйцэтгэлийн баталгаагүйгээр захиалагч, гүйцэтгэгчийн гарын үсгээр өөрийн хүлээсэн үүрэгт өөрөө баталгаа гаргаж, их хэмжээний буюу 110 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг олгосон байна.

-Эрдэнэс-Тавантолгой ХК Бодь интернэшнл ХХК-д төмөр замын төслийн хүрээнд нүүрс олгосноос 57.4 сая ам.долларын орлого олох боломжоо алдсан-

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлээр Эрдэнэс Тавантолгой ХК Бодь интернэшнл ХХК-д 785.3 сая ам.долларын нүүрс нийлүүлжээ. Үүнд аудитын байгууллагаас тус Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдэд ажлын бодит гүйцэтгэлээс 16.0 сая ам.доллар, 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон хэмээн дүгнэсэн байна.

Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр Эрдэнэс-Тавантолгой ХК 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах бус, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилтэд олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.