Өчигдөр нийслэлчүүд зам дээр ТЭГ зогсолт хийж, олон цагийг түгжрэлд өнгөрүүлсэн. Сурагчдын хичээл амарсан. Ямар нэгэн баяр ёслол тохиогоогүй байхад ТЭГ зогсол хийх хэмжээнд хүрч түгжирсэн шалтгаан нөхцлийг хайж, бухимдлаа илэрхийлэх хүн олон байна. Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өглөө. Тэрбээр, "Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42 минут зам хаасан. Мөн ачааны галт тэрэг 21 удаа явж, 189 минут хөдөлгөөн хаасан бол дан зүтгүүр 20 удаа явж, 100 минут хөдөлгөөнийг хаасан. Нийт 47 удаа галт тэрэг нэвтэрсэн гэсэн үг. Ажлын цагаар буюу 08:00-22:00 цагийн хооронд 28 галт тэрэг явж өнгөрсөн. Мөн 16:20 цагаас 16:40 цаг хүртэл 20 минут гарам хааж цэвэрлэгээ хийсэн. Дунджаар 331 минут буюу 5 цаг 31 минут Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа Таван шарын гармыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, галт тэрэг нэвтрүүлсэн.
Гол гудамж, замуудад нөлөөлөх зам тээврийн 12 осол гарсан. Энэ нь нийт 78 минут хөдөлгөөнд саад учруулсан байгаа юм. Замын хөдөлгөөний саад зургаан удаа гарсан нь 124 минут хөдөлгөөн зогсоход хүргэсэн. Нийтийн тээврийн хэрэгсэл долоон удаа зогссон нь хоёр цаг хөдөлгөөнд саад учрууллаа. Эдгээр нь нийт 5 цаг 23 минут замын хөдөлгөөнд саад учруулсан гэсэн үг. Түүнчлэн өчигдөр 07:00 цагаас 23:00 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний ачаалалтай 182 цэгт 572 алба хаагч 68 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Мөн ЗХУТ-ийн 12 албан хаагч 24 цагийн хугацаанд 62 уулзварын гэрлэн дохионд 3974 удаагийн хөдөлгөөн зохицуулалт хийсэн.
Багшийн дээдийн уулзварт цагдаагийн машин зохиомол түгжрэл үүсгэсэн гэх ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Энхтайваны өргөн чөлөөний зүүнээс баруун чиглэсэн хөдөлгөөнд түгжрэл 16:00 цагаас хойш үүссэнээс бусад туслах зам бүрэн зогсож, хөдөлгөөн хязгаарлагдсан. Иймээс холбогдох хуульд заасны дагуу замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчилж, хөдөлгөөн зохион байгуулалт хийсэн. Хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 9-ний 00:12 цагт хэвийн болсон" гэлээ.