Чингэлтэй дүүрэгт байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой асуудлаар архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Хүрээ архитекторууд ТББ, зэрэг төрийн бус байгууллагууд, судлаачид Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр Ц.Уянга "Ердөө 7 хоногийн хугацаанд Урт цагаан гэх барилгыг нураах санал асуулга авч эхэллээ. Нөгөө талаар Хотын дарга Х.Нямбаатар хууль баталж байгаа мэтээр хотын хувь заяаг шийдвэрлэдэг боллоо. Монгол ардын нам УИХ-д олон суудалтай болсноор хотын өв соёл болсон барилгуудыг иргэдийн оролцоогүйгээр нураадаг байдал нийгэмд тогтож байна" гэв.