Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ, Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг ТББ хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, донтолттой иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний туршлага судлах зорилгоор “Мансууруулах бодисын хамааралтай хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр /2023.09.13/ зохион байгуулж байна.
Сургалтад ЦЕГ, ШШГЕГ, СЭМҮТ, Аддиклогийн төв зэрэг холбогдох байгууллагын 86 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтыг Япон Улсын мансуурах, донтох чиглэлээр ажилладаг хуульч, сэтгэл зүйч, өмгөөлөгч зэрэг 15 доктор профессор удирдан явуулж Япон Улсын донтох эмгэгийн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын тусламж, сэтгэц, нийгмийн сэргээн засах үйл ажиллагаа, донтох эмгэгтэй хүнд үзүүлэх хоол зүйн тусламж үйлчилгээ, донтох эмгэгийн эдгэрэлт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж албан хаагчдад мэдээлэл хүргэж байна.
Цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, донтох эмгэгтэй хүний эмчлэх, сэргээн засах чиглэлд Япон Улсын эдгээр 15 доктор, профессоруудтай хамтран ажиллана.