Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн “Өргөн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлага /2023.11.06/-ны өдрийн 21:00 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч Э /53 настай, эрэгтэй/, зорчигч Б /54 настай, эрэгтэй/, Ч /53 настай, эрэгтэй/ нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан тул автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Гэвч иргэн Ч /53 настай, эрэгтэй/ нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Иймд иргэд та бүхэн хүйтний эрч эрс чангарч буй энэ үед баталгаатай зам, гүүрээр зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулж байна.