2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үзүүлэлт эрс сайжирч, 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна. УБТЗ 2023 оны эхний 10 сарын байдлаар 26,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20,7 хувиар илүү байна. Тодруулбал, экспортын 9,4 сая тонн, импортын 3,0 сая тонн, орон нутгийн 10,1 сая тонн, дамжин өнгөрөх 4,2 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүн дотроос экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 39,4 хувиар илүү байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67,1 хувиар илүү байгаа нь УБТЗ Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа байр сууриа улам бэхжүүлж байгааг харуулж байна.
УБТЗ-ын тээврийн хэмжээ ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын зүгээс экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гол үндсэн нөхцөл болох хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хөрш орнуудынхаа төмөр замын дарга нартай энэ асуудлаар шаргуу ярьж ойлголцолд хүрч чадсаны үр дүнд энэ оны 2 дугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушкийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. УБТЗ-ын зүгээс хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг болох боомтын сэргэлтийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж дүгнэж болно.