Яг үнэндээ "БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА". Гэхдээ яаж бас яагаад гэдгээ сайн мэдэхгүй.
УДЭТ-ын тайзнаа хэд хэдэн удаа тавигдаж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг хэдхэн өдрийн товоор дахин тоглогдов. Хүний сэтгэлийг эрхгүй татаж, хүчээр нүднээс нулимс унагахгүй ч яг л хосын харилцаа тэр дундаа гэр бүлийн нандин харилцааг алган дээр тавьсан мэт илхэн бас эвлэгхэн үзүүлэв.
“Гэрлэлтийг ДАНХ гэж төсөөл. Тэр ердөө л хөрж чадна”
Гэрлэлт бол ДАНХ
Жүжгийн харилцан яриан дунд гэрлэлтийг “ДАНХ”-тай зүйрлэв. Магад энэ зүйрлэл тийм ч тохиромжтой биш ч хайр ч бас хөрдөг гэдгийг энгийнээр ийнхүү илэрхийлсэн байх. Энэ хорвоо дээрх хүн бүр хайртай учирдаг. Ариухан бас нандин. Харамсалтай нь хайр ч гэсэн удахаараа халуунаа алдаад хөрчихдөг юм. Хөрөхдөө хэр урт хугацаа шаардах нь тийм ч чухал биш ч насаараа хамт байсан хүмүүсийн хайр ч бас цаг нь ирэхээр унтарчихдаг аж.
Жүжгийн гол дүр болох 40 эргэм насны хоёр хос амьдралынхаа тэн хагасыг хамтдаа өнгөрүүлжээ. Харамсалтай нь тэдэнд одоо хайр гэж хэлэхээс илүү хагацаж салах тухай бодол хийгээд бие биенээ өөлөх өөнтөгч зан л үлдэж. Хэн хэн нь харилцаагаа авч үлдэх гэж хичээхээс илүү “Сална, сална, салмаар байна” гэх үгийг л ам уралдан хэлнэ. Энэ үг тэдний амнаас их амархан гарах авч эгээтэй л салж чадахгүй олон сар жил өнгөрч. Хэдийнээ хөрсөн хайрын цаана хэн нэгэн зүүгдээстэй байдаг хойно хос хоёр хоёр биенээ гэхээс илүү өөр нэгнийг мөрөөдөх, өөр нэгэн рүү шунах аж.
"Хүн өөрт байхгүйдээ л шунадаг"
Хүн бол ШУНАЛТАЙ АМЬТАН
Хүн энэ хорвоо дээрх хамгийн шуналтай амьтан. Өөрт хэрэгтэй хэрэггүй бүхий л зүйлд шунана. Тэр ч бүү хэл өөрийн биш, өрөөлийн зүйлд ч шунана. Шунаж болохоор юу л байна бүгд рүү нь шунана. Яг энэ шуналын сэтгэл хайр дурлалд шигдэхээрээ хүнийг улам илүү донтуулдаг аж. Жүжгийн эхлэлээс төгсгөл хүртэл 4 дүр л гарах авч ч өнөө л гурвалжин, дөрвөлжин хайрын тойргийг хэлхэнэ. Бие биенээ "хонгор минь" хэмээн дуудах хэдий ч хэн нь жинэхэнэ эсэхийг хэн ч үл мэднэ. Өөрийн биш, өрөөлийн юманд хүн атаархаж, зөвхөн өөрийнхөө болгох адын бодол тээж, гоё сайхны өмнө хүчин мөхөстөж, өтөл, үрчгэрт нь эгдүүцэж, зэвүүцэх аж. Бас өрөөл нь хайр халамж, энхрий дулаан үгэнд уярч энэ л минийх хэмээн өнөөх дутуугийн бодлоор өөр бусдых руу шунана. Яг энэ шуналын сэтгэлийг эл жүжгийн зохиолч жижигхэн хачир болгон зохиолдоо хавчуулжээ. Гэхдээ тэр шунал ЖАРГАЛ гээчийг л хүсэмжилнэ.
"Би ЖАРГАЖ болохгүй гэж үү"
Би ч гэсэн ЖАРГАМААР БАЙНА
Үнэн хэрэгтээ жаргал гэж яг юу юм бэ. Хэн нэгнээс халуун дулаан үг сонсож, бие сэтгэлийн таашаал авахыг жаргал гэдэг юм уу. Эсвэл элэг бүтэн, эрхэлж туних хүнтэй байхыг жаргал гэх юм уу. Жүжгийн гол дүрүүд бүгд л жаргахыг хүснэ. Гагцхүү тэр жаргалаа хажуунаасаа биш холоос хайна. Гэхдээ бүр жаргал амсахын тулд гэр бүлээ ч хүртэл үл огоорч, олон олон хаврыг, олон олон намрыг цугтаа туулсан нэгнээ ч замаасаа холдуулахад бэлэн. Магад энэ жүжгийг үзсэн хүн бүрт "Би ч гэсэн жаргамаар байна" гэх бодол төрсөн байх. Гэхдээ яг юунаас жаргал амсахаа, яагаад жаргамаар байгаагаа төдийлөн мэдэхгүй үлдсэн болов уу.
"2 цаг хоромхон зуурт хийсэн өнгөрнө"
Жүжгийн амин сүнс бол ДҮР
Соёл урлагийн бүхий л төрөл жанр өөрийн гэсэн дүртэй. Яг л тэр дүрийг бүтээх ёстой мэт төрсөн нүдээ олсон дүр ч цөөнгүй олон бий. Эл жүжгийн дүрүүдийг чадварлагаар бүтээсэн 4 эрхэм энэ л тайзан дээр тод гялалзах аж. Өөрийн оноогдсон дүрээ хэнээс ч айж, ичиж санаа зовохгүйгээр яг л байгаагаар нь, яг л байдгаар нь гаргаж. Гэхдээ МУГЖ цолтой эрхмүүдийн чадварыг энд дурдах шаардлагагүйг хүн бүр мэдэж буй ч залуу жүжигчдэд онцгойлон алга ташмаар. Жүжигчин Г.Ганбат, М.Тогтохжаргал наргүйгээр энэ жүжиг цааш хөдлөхгүй байлаа. Тийм ч учраас энэ жүжгийн амин сүнс бол яах аргагүй чадварлаг жүжигчид байв. Тийм ч учраас тэр үү 2 цагийн хугацаа хоромхон зуурт хийсээд өнгөрлөө.
"Хань бол хана хэрэм"
Эцсийн зогсоол, эцсийн жаргал бол ХАНЬ
Хүн бүрийн эцсийн зогсоол бол гэр бүл, хань ижил байдаг юм байна. Бие биедээ дурлаж, бие биенээ хайрлаж эхэлсэн тэр мөчөөс өнөөдрийг хүртэл их зүйл өөрчлөгдсөн ч бас хайр нь хөрчихсөн ч сэтгэлийн мухарт ханиа гэсэн гэр бүлээ гэсэн жижигхээн оч нуугдаж байдаг юм байна. Яг л энэ тайллыг САЛАЛТ хэмээх аймшигт ангалын өмнө зогсож буй хосуудад бага ч болов учирлахаар энэхүү жүжгийн зохиол төрсөн биз. Бас өнөөгийн бидний нийгмийн шүдний өвчин болох салалт бага болоосой гэсэндээ энэхүү жүжгийг найруулан тавьсан биз. Тийм ч учраас эцсийн зогсоол бол таны гэр бүл байдаг юм байна. Эцсийн жаргал нь таны хань юм байна.