Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрийг Монгол улс нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх "Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэсээр арван дөрвөн жил болж байна.
Технологиор хүүхдээ хамгаалж, хүүхэд бүрт хайр өгч, хором бүрт анхаарал хандуулж байх зорилгоор ЦХХХЯ, И-Монгол академи, ХХЗХ хамтран төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем E-Mongolia платформд “Ekids” үйлчилгээг нэвтрүүлээд 2 долоо хоног өнгөрлөө. Эцэг эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлсэн билээ.
Мөн ЦХХХ-ны сайдын зүгээс уриалсны дагуу үүрэн холбооны оператор компаниуд буюу Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниудад “E-Mongolia” болон “Ekids”-д нэвтрэхэд дата огт шаардахгүйгээр бүх хэрэглэгч ашиглах боломж олгосон юм.
Энэ бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар хүүхэд хамгааллын чиглэлд нэгдэж, хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд ӨГЧ буй шийдэл юм. Хэдийгээр E-Mongolia платформ 1.6 сая хэрэглэгчтэй ч хоёр долоо хоногийн өмнө ашиглалтад орсон “Ekids” үйлчилгээнд бүртгүүлсэн 11802 хүүхэд байгаа нь хангалтгүй тоо юм.
Тиймээс өнөөдөр “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, тус өдрийг санаачлагчдын нэг СГЗ, Шог зураач С.Цогтбаяр нар хүүхэд хамгааллын бодит шийдэл “Ekids”-ийг хүүхэд бүрийн төлөө эцэг эхчүүдийг хэрэглэхийг уриалж хүүхдийн төв номын санд “ХҮҮХДЭДЭЭ ХАЙР ӨГЬЕ, ХОРОМ БҮРТ АНХАААРЪЯ" Ekids арга хэмжээг зохион байгууллаа.
Урьд нь “E-Mongolia” платформоор зөвхөн насанд хүрэгчид үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо “Ekids” шийдлийн хүрээнд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой болсон. Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм.
Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна.
Мөн цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан Ekids цэсийг нэмэлтээр хөгжүүлсэн. Хэрэв гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломж бүрдлээ.
Ekids цэсээр дамжуулан хүүхэд гадуурхалт, цахим дарамт зэрэг гэмт үйлдлүүдэд өртсөн бол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдэх боломжтой.