Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засаг тогтворжиж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Цаашид энэхүү үр дүнг тогтвортой хадгалахад төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.
Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-гийн хяналтын дор өр төлбөрүүдийн өрийн зохицуулалтыг хийх зорилгоор гаргасан бөгөөд дараах эх үүсвэрүүдээр дахин санхүүжүүлсэн болно. Эдгээр цаг хугацааг сайн анхааралтай сонсоорой. Аль Засгийн газрын үед хэн Монгол Улсыг өрөнд оруулж, түүнийг нь төлж байна вэ гэдгийг хараарай.
-2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар,
-2014 онд татсан хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар,
-2016 онд татсан АНУ-ын банк санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар болон бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар байсан" гэв.