Өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх эцсийн шийдвэрийг гаргалаа.
Энэ дагуу:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.
- Сум, баг, тосгоны сургууль танхимаар,
- Аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм.
- Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо.
Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.
Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.