БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадмын дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Туялзуур сэлэмний төрөлд манай улсаас дасгалжуулагч О.Анударь, М.Мөнхтулга нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, эрэгтэйчүүдэд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар тулалдаж буйгаас Д.Цолмон хоёр ялалт байгуулж, хэсгээс гарчээ.
Тэрбээр Кувейт, Хонгконгийн тамирчныг ялсан бөгөөд дэлхийн чансааны 37 дугаар байрт жагсаж байгаа тамирчин билээ. Улсын хошой аварга Д.Цолмон нь Азийн зуны спортын пара наадмын туялзуур сэлэмний төрөлд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байна. Азийн зуны спортын пара наадамд туялзуур сэлэмний спортоор Монголын тамирчид анх удаа оролцож байгаа юм.