Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөрийн улс төрийг хүлээсээр цөхөрч гүйцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 54 секунд
Зургийг UBN.MN

Ард түмэн авлига хулгайгаас өөр олигтой юм сонсохоо болиод удлаа. Мөнгөн дүн нь өсч, эрх баригчид үнэн худлын дэнсийг өөрсдөө өвөртөлчихөөд “шүгэл” үлээсээр байна. Улс төр л болсон хойно буух эзэн, буцах хаягаа тооцчихоод л хийж буй улс төр биз. Эцэст нь нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, улстөрчид ч ил цагаандаа гарах шинжиндээ орж байх шиг. Хамгийн хачирхалтай нь эрх баригчдын дарга нараас өөр авлига, хулгайг гэж ам ангайх хүн олдохгүй байна. Ялангуяа бүхэл бүтэн бүлэг байгуулчихсан сөрөг хүчнээс энэ талаар ам ангайх дарга алга. Ганц нэг бэсрэг гишүүд нь л эрх баригчдын булайг өрөө тасалгаандаа ярьж, ам хамраа билүүдэхээс хэтэрсэнгүй.

Өөрөөр хэлбэл, АН-ын улс төр үнэхээр явахгүй байна. Ногоон автобус, ковидын төсөв, нүүрс гээд нэгийг нь бариад авахад л эрх баригчдыг алган дээрээ чичрүүлэх хулгай зэлгийн сэдвүүд хангалттай урсаж байна. Даанч АН-ынхны сачий нь хүрэхгүй сандал ширээтэйгээ л зууралдаж сууна. Ялангуяа Ардчилсан намын даргаар сонгогдож есөн сарын хугацааг үдсэн Лу.Гантөмөрөөс бараа сураг тасраад удлаа. Хамгийн сүүлд 15 дэд даргаа танилцуулах гэж хэвлэлийн өмнө гарснаас хойш ор сураггүй болов. Сүүлд эрх баригчдын дарга нартай Герман явсан гэх мэдээллийг манайх хүргэж байснаас өөрөөр Лу.Гантөмөр хэвлэлд ч, олон нийтэд ч үзэгдэж, бичигдсэнгүй. Сонгууль болоход долоохон сар, сонгуулийн ажил эхлэхэд гуравхан сар үлдчихээд байхад Ардчилсан нам бахь байдгаараа. Сандал ширээний асуудалтайгаа зууралдсаар л сууна. Уг нь энэ 10 сардаа багтаж генсекээ томилно гэсэн. Гэвч одоо бараг 11 сар хүрлээ. Энэ хугацаанд эрх баригчид намайг хэн хэлж, нохойг хэн саах эв гэсэн янзтай дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн хэвээрээ л байна. Харин ард түмэн Лу.Гантөмөрийн улс төрийг хүлээсээр эцэст нь цөхөрч гүйцлээ.

Намынхан нь “эцэггүй” хүүхдүүд шиг саарал ордонд хаа нэг бэсрэг улс төр өрнүүлэх хэдий ч гавьсан зүйлгүй мунгинаж сууна. Өчигдөр гэхэд л ковидын төсвөөр сонсгол хийж, төсвийн үргүй зарцуулалтыг олон нийтэд танилцуулна гэсэн атлаа түр хороо байгуулах биш нийтийн сонсгол зохион байгуулах нь тэр. Ингээд шинжээчгүй гэдэг шалтгаанаар хэвлэлд баримттай, баримтгүй баахан гүтгэлгийн шинжтэй улс төрийн мэдээлэл өгөөд сонсголоо хойшлуулах нь тэр. Уг нь энэ ажлаа түр хороо болгож өргөжүүлээд ард түмний тэр их хандив, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа элс шиг асгасан тэр цаг үеийг заавал шалгаж, мухарлах хэрэгтэй. Ковидын төсвийн хэмжээг АН-ынхан 20 их наяд гэж тооцсон байна лээ. Хоёр гаруйхан жилийн хугацаанд ямар ч тендергүй, сонгон шалгаруулалтгүй өрнөсөн уг асуудлын цаана юу болж өнгөрснийг иргэд мэдэх эрхтэй.

Гэтэл эрх баригчид өөрсдөө түрүүлж хөдлөөд Түр хороо санаачлаад шалгасан болоод асуудлаа ярьсан мэтээр жүжиг тавиад л өнгөрсөн. Одоо АН-ынхан энэ бүтэлгүй санаачилгаа үр дүнд хүргэхгүй бол "Бид хүний өөрийнгүй шалгуулсан" гэх үгээр ам таглаад асуудлаас бүр мөсөн зугтаж одно. Тиймээс Ардчилсан намаас иргэд сөрөг хүчний ажлыг нь нэхэж, намын дарга Лу.Гантөмөрийн улс төрийг хүлээсээр байгаа юм. Товчхондоо улс төрд хүчний тэнцвэр л хүлээж буй хэрэг. 2012 оны Ардын нам шиг эрх баригчдаа буланд шахдаг, авлига албан тушаалын асуудлыг нь цөхрөхгүй гаргаж тавьдаг. Зөвийг нь дэмждэг тийм л АН-ыг хүсэж байна.

Ядаж л эрх баригчид сонгуульдаа бэлдээд төсвийн зардлаа 7.1 их наядаар тэлээд оруулаад ирэхэд Лу.Гантөмөр тэргүүтэй нам ган ч гэж дуугарахгүй байна гэдэг эмгэнэл.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.