"Ханжоу-2022" Азийн наадмын допингийн эсрэг асуудлыг хариуцсан ITA буюу Олон улсын шинжилгээний агентлаг МУГТ Б.Чинзоригоос допинг илэрсэн талаар мэдээлсэн бөгөөд үүнээс үүдэн Спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар согсоосон юм. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Монголын Боксын Холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд,
"Олон улсын шинжилгээний агентлагаас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монголын Боксын холбооноос холбогдох дүрэм журмын хүрээнд зохих ажиллагааг хийж ажиллаж байгаа бөгөөд нэр бүхий тамирчны зүгээс Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон WADA-с баталсан дүрмийн дагуу Олон улсын спортын арбитрт хандан үүсээд буй асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр болсноо мэдэгдсэн. Иймд олон улсын спортын арбитрын эцсийн шийдвэрийн үндсэн дээр МБХ-оос дараа дараагийн арга хэмжээг авч ажиллах болно.
Допингийн асуудалд холбогдсон тамирчны асуудал бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Монгол Улсын спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү мэдэгдэл нь МБҮШБ-ийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц, цаашлаад шигшээ багийн нийт тамирчин, багш дасгалжуулагч болон боксын спортоор хичээллэдэг хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна.
Бид Парис-2024 олимпын наадам хаяанд ирсэн чухал цаг үед шигшээ багийн эрх ашгийг хөндсөн энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд уг шийдвэрээ дахин харж, нягтална гэдэгт найдаж байна" гэжээ.