Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн /2023.10.16/ хуралдаан 14 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр мэдээлэл сонсов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэлээ. Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэж байлаа.