Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийг хэлэлцсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Дээрх хуулийн хүрээнд хүүхэд болгоныг төрсөн цагаас нь эхлээд цахим хүүхдийн хамгаалал, бүртгэлийн системтэй болгоно. Энэ системд боловсролын нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, цагдаагийн байгууллага болон ГБХХ-ийн байгууллага ханддаг болно. Өөрөөр хэлбэл гэр оронд архидан согтуурах болон зөрчлийн асуудал үүсвэл цагдаагийн байгууллага анхаарлын тэмдэг тавьж анхааруулна. Ингэснээр хорооны болон сургуулийн зүгээс тухайн өрхийн хүүхдэд анхаардаг байх ёстой. Ийм тогтолцоог бүрдүүлж байна.
Мөн урьдчилсан сэргийлэх байдлаар буюу хүүхдийн тоглоомын талбай камержуулалт муутай байна, гэрэлтүүлэггүй байна осол аваарт өртөх магадлалтай байна гэдэг үнэлгээг хийдэг. Харин үүнийг засаг захиргааны нэгжийн тухай хуулиар хуульчилсан байсныг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, хүүхдэд зориулж, аюулгүй тохижилт үйлчилгээг хийхээр хуульчилсан. Цаашид улсын комисст хүүхэд хамгаалал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан байцаагч ажиллуулна" гэсэн юм.