Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 3 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын суурин төлөөлөгч Чарльз Болландыг 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, шинээр байгуулагдах Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааны бэлтгэл, ажлын талаар санал солилцов.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэдэндамба, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхзориг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Баясгалан, С.Агьзул, хяналт, үнэлгээний мэргэжилтэн М.Наран, худалдан авалт хариуцсан ажилтан Л.Чанцалдулам, төслийн ажилтан Б.Бадамлянхуа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу нар 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Тодруулбал, шинээр байгуулагдах шүүхийн байр, орчин нөхцөл, шүүх хуралдааны танхимын тохижилт, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээний талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны танхимыг зориулалтын ширээ, сандал болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хэрэгцээ байгааг онцлов.

Түүнчлэн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллах шүүхийн захиргааны ажилтан болон гэр бүлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, цаашид тогтвортой сургалт зохион байгуулах зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг төлөвлөж буй талаар талууд санал солилцлоо.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаад баяр хүргэж, энэ нь гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах шүүхийн тогтолцоог мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэрбээр Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор тус шүүхэд ажиллах шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, гэр бүлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар танилцуулав. Мөн шинээр байгуулагдах шүүхийн үйл ажиллагаанд шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийллээ.

Уулзалтаар талууд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн хүний нөөцийг мэргэшүүлэх, шүүх хуралдааны орчныг хүүхэд, гэр бүлийн хэрэг маргааны онцлогт нийцүүлэн бүрдүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

9-р сард ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
9-р сард ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!