УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "БНСУ-тай агаарын тээврийн хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт арван удаагийн нислэг хийдэг байсныг 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг хийх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил үед 12 хүртэлх нислэгийг хийсэн. Мөн долоо хоногт Япон Монгол хооронд 61, Монгол Турк чиглэлд 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бий болгосон. Ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ ХК агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Орон нутгийн нислэг амжилттай сэргэсэн. Орон нутгийн 8 чиглэлд нислэгийг сэргээж, онгоцны тийзийг 2-2.5 дахин хямдруулсан. МИАТ ХК 2023 оны долоодугаар сарын 1-нээс долоон аймгийн чиглэлд амжилттай нислэг үйлдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Тухайлбал, Мөрөн, Гурвансайхан, Ховд, Чойбалсан нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх онгоцны буудлын статустай болгож олон улс руу шууд нислэг үйлдэх боломжийг бий болгохоор ажиллаж байна" гэв.