Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,
"Д.Сумъяабазар дарга ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгсөн гэдгээ илэрхийлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд алдаа гаргасан тул огцрох хүсэлтээ өгсөн. Түүнээс биш авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учраас ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй байгаа" хэмээв.
Мөн "Өнгөрсөн жилээс ЗГ-аас түгжрэл бууруулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Миний хувьд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн либералчилах бодлогыг баримталж ажиллах нь зүйтэй гэх байр суурьтай байсан. Энэ чиглэлийг Ж.Сүхбаатар сайд хэрэгжүүлэхээр ажилласан. Гэвч энэ ажил үргэлжлээгүй юм билээ.
Түүнээс гадна би "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаар ирж уулзсан юм билээ. Миний өмнө сонссон мэдээллээр Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Би автобустай холбоотойгоор тендерт нь юм уу эсхүл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж ажиллаж үзээгүй" гэв.