Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин автобус байсан гэх маргаан олон нийтийн дунд өрнөөд байна. Үүнтэй холбогдуулан тус автобуснуудыг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн хүмүүс болон холбогдох байгууллагынхан үүнийг шалгана. Бид шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Сүхбаатарын талбайд цөөхөн автобус тавьсан гэж байна.
Шаардлагатай бол автобус бааз дээр очоод үзэж болно. Бид эдгээр автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн боловч үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор энэ хугацаа хойшилж байна. Автобуснуудыг хотын захаар явуулахаар төлөвлөсөн байсан. Энэ жил 700 автобус ашиглалтаас гарч, оронд нь 800 автобус шинээр авч, үйлчилгээнд гаргана. 2024 онд мөн ашиглалтаас гарах автобусны оронд шинээр автобус авна. Үндсэндээ нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийнэ гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.