Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙСЛЭЛИЙН БОНД: Хагас коксон түлшний туршилтад “алдах шахсан“ 140 тэрбум төгрөгийг орон сууцны төсөлд зарцуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 51 секунд

Улаанбаатар хотын бондыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаалах билээ. Хот тулгамдсан асуудлаа өргөн хүрээнд даацтай шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэх зорилгоор Монгол Улсын орон нутгийн анхны бондыг гаргаж буй. Тэгвэл тус бондын баталгаа, эргэн төлөлт, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хотын удирдлагууд болон албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

-Д.Сумъяабазар: Хагас коксон түлшний 177 тэрбум төгрөг 32 тэрбум болж багассан. 140 орчим тэрбум төгрөгийг орон сууцны төсөл рүү оруулна-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар явж ирсэн. Үндсэндээ "нэг хөлтэй" явж ирсэн гэсэн үг. Улсын төсөвт төвлөрүүлээд нийслэлд эргээд хуваарилдаг. 1.6 сая хүн амтай нийслэл хотод маш олон асуудлыг бид шийдэх ёстой. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн турш УИХ-ын босго давдаггүй, ЗГ-аар хэлэлцүүлж чаддаггүй "унадаг" байсан. 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр тус хуулийг энэ Засгийн газар, УИХ-ын тусламжтайгаар баталж чадсанаар өнөөдөр бонд гаргах гээд зогсож байна.

Улаанбаатар хотын бонд хоёр транчтайгаар гарах гэж байгаа. 277 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр. Үүнээс 150 тэрбум нь Сэлбэ сэргэлт төсөлд зарцуулагдана. Мөн агаарын бохирдлыг бууруулах 177 тэрбумын хөрөнгөтэй холбоотой асуудалд Засгийн газрын тогтоол гарч, ИТХ хэлэлцсэн ч олон нийтээс шүүмж авч буцсан. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын даргатай ярилцаад нийгмийн бухимдал их байгаа учраас түүний зөрүү дүнг орон сууцны төсөл рүү оруулах шийдвэр намын түвшинд гаргасан. Түүнчлэн Б.Чойжилсүрэн сайдтай тухайн хагас коксон түлшний төслийг гаднын хөрөнгө оруулагчтай хамтран явуулсан нь зүйтэй байх гэсэн байдлаар ярилцсан. Харин асаалтыг хурдасгах технологийн шийдэлд бондын эх үүсвэрээс гаргах 32 тэрбум төгрөгөө зарцуулах нь зүйтэй хэмээн зөвшилцсөн. Үүний ажил хийгдээд явж байгаа.

Бондын санхүүжүүлтээс Сэлбэ сэргэлт төслийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд бий болсон үер ус, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох асуудлуудад арга хэмжээ авах шаардлагатай. Жишээлбэл, голын голдиролд эрүүл энгийн бүс байхгүй болсон. Одоо онцгой хамгаалалтын бүс рүү ороод ирчихсэн. Энэ нөхцөлд иргэдийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэхийг бид хүсэхгүй байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Амьд явах эрхийг нь хамгаалах үүрэг нь бидэнд буюу төрийн захиргааны байгууллагуудад бий. Ирэх оны зургаадугаар сараас хур тунадасны хэмжээ энэ жилийнхээс хоёр дахин нэмэгдэж орох эрсдэлтэй мэдээллийг өгсөн. Тиймээс зарим хороодын төлөвлөлт ТЭЗҮ эцэслэгдээд дуусч байгаа. Дуусангуут нь Сангийн яам, СЗХ руу хүргүүлээд нэмэлтээр бонд гаргах ажил хийж байна.

Агаарын бохирдлоос гарсан 140 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууц руу оруулна. Бэлэн болсон Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдэд орон сууцны бодлогыг танилцуулж, нийслэлийн ИТХ-аар оруулж, шийдвэрээ гаргуулна. Энэ бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн чиглүүлсэн бодлого.

-Ж.Сандагсүрэн: Царцсан сургууль, цэцэрлэгийн 36 төсөл арга хэмжээг дуусгаснаар үнийн алдагдлаас сэргийлнэ-

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Орон нутгийн бонд гаргах үе шат, зарцуулалт бол хуулийн хүрээнд маш нарийн нягт туссан зохицуулалттай сэдэв. Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт тавигдах шаардлагыг ч маш нарийн тавьсан байдаг. Бидний энэхүү арга хэмжээнд дөрвөн чиглэлтэй арга хэмжээ төлөвлөгдөөд ажлууд нь хийгдэж байгаа. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, түүнийг дуусгах төсөл бий. Үүнийг нийгмийн төсөл гэж харж байгаа хүмүүс бий. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөжийг ашиг гэдэг талаас нь хэрхэн харж байгаа вэ гэдэг асуулт их ирж байгаа. Жишээлбэл, энэ дундаас 10 цэцэрлэг нь Концессийн гэрээгээр Засгийн газар 2017 онд шийдэж байсан төслийн үлдэгдэл. Үүний үнийн өсөлтийн зөрүүнд л гэхэд бид 40-50 хувийг нэмж төлөх нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан барилгын салбарт 40 хувийн нэмэгдэл тооцогдож, жил удах тусам улам нэмэгдэхээр байдал ажиглагдсан. Хуримтлагдсан байгаа 36 төсөл арга хэмжээг дуусгаснаар үнийн алдагдлаас сэргийлнэ. Энэ агуулгаараа тус асуудлыг эдийн засгийн үр өгөөжгүй, нийгмийн төсөл гэж харах нь өрөөсгөл юм.

-Б.Лхагвадорж: Төлөвлөлтөд тусгагдаагүй өөр төсөл хөтөлбөр рүү бондын хөрөнгийг оруулах боломжгүй-

“Би Ди Сек ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж: Улаанбаатар хот өөрөө 2 их наяд төгрөгийн орлоготой том айл. Улсын төсөвт жилд 300-400 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч Улаанбаатар хотдоо шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг хийх хөрөнгө мөнгө дутагдалтай явж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд бол энэхүү бэрхшээлийг шийдэх гол гарц гэж харж байгаа. Бондын зарцуулалт, зарцуулалтад тавигдах хяналт, эргэн төлөлт гэдэг асуудлыг хөндөх шаардлагатай болно. Олон нийтэд танилцуулсан төсөл хөтөлбөрүүддээ л бондын эх үүсвэрээр босгосон хөрөнгийг зарцуулах ёстой. Бусад зориулалтаар ашиглахыг хориглодог. Үнэт цаас гаргагч буюу Улаанбаатар хот маань өөрөө Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хороонд зарцуулалтын тайлангуудаа тавиад явна. Тиймээс хүмүүсийн хардаад байгаагаар өөр төсөл хөтөлбөр рүү бондын хөрөнгийг оруулах боломжгүй.

Улаанбаатар хот болон андеррайтерийн компанитай нэлээн олон удаагийн яриа хэлэлцээр хийсэн. Санхүүгийн Зохицуулах хорооны ч тэр Хөрөнгийн биржийн журмуудад орон нутгийн бонд компанийн бондны түвшинд нэг багцад ороод журамлагдчихсан байдаг. Гэтэл Улаанбаатар хот өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2/3 төвлөрдөг, хүн амын тал хувь нь амьдардаг. Улсын өрийн таазанд ороод явж байгаа. Хот өөрөө орлогын томоохон эх үүсвэртэй гэдэг утгаараа Засгийн газрын бондтой нэг түвшинд биш боловч нэг алхам доогуур, компанийн бондоос хамаагүй илүү эрсдлийн түвшин багатай.

Австрали Улсад байгаа Монголчуудын 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажилладаг
Австрали Улсад байгаа Монголчуудын 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажилладаг
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.