Өчигдөр /2020.07.22/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Оксфордын их сургуулийн төгсөгч Б.Болор-Эрдэнийг тус газрын даргаар томилжээ.
ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ нь Их Британид технологийн чиглэлээр боловсрол эзэмшжээ. Мөн тэрээр ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Үүнээс гадна "Цахим эрин дэх Монгол Улс" төслийн удирдагчаар ажиллаж буй.
Ташрамд дурдахад, Оксфордын их сургууль, "Билл, Мелинда Гэйтс" сан хамтарч, Мелиндагаар удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан. Уг төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй ажлын хэсгийн ахлагчаар Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа ажээ.