Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан.Тэгвэл зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ирэх сард архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлд “Эерэг хандлага – Эрүүл оюутан” фестиваль зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулахаар зориод байна. Түүнчлэн архи, согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газруудад хуулийн хэрэгжилтийг сурталчлах, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулахаар төлөвлөсөн.
Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100,000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4,000-4,500 орчим хүн нас барж байна” гэлээ.
Д.Дөлгөөн