Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.
НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров “Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг. Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна. НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна” хэмээв.