Монгол Улс дараагийн олимпод цагаан туг дор оролцох эрсдэл үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл манай улсыг "АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ"-д оруулж тодорхой дүрмүүдийг дөрвөн сарын дотор биелүүлэх шаардлагыг Дэлхийн Допингийн Эсрэг байгууллагаас гаргажээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая мэдээлсэн юм. Тэрбээр, "Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын энэ оны 2 дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023.09.22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг 4 сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм.
Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, үүсээд байгаа эрсдлийг арилгахад идэвхтэй ажиллах болно" гэсэн юм.