Улсын бүртгэлийн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 28 нэгжид бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тодруулбал, иргэд 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний 13 цэгээс иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нийт 49 төрлийн лавлагаа, үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой аж.
Мөн нэгжүүдэд байршуулсан улсын бүртгэлийн цахим машинаас тоон гарын үсэг авах, гадаад паспортын зураг илгээх, иргэний архивын лавлагаа авах зэрэг бусад бүртгэлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна.
Улсын бүртгэлийн байгууллага нь амралтын өдөр буюу Бямба гарагт ажилладаг нэгжтэй болсон бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэг, мөн Сүхбаатар дүүргийн “Их тойруу” дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэг ажиллаж эхлээд байгааг УБЕГ-аас мэдээллээ.