БНХАУ-ын Ухань хотын Хөх мөрний гүүрэн дээр нэгэн бяцхан нохой хаягдсан мэт байгааг нэгэн залуу хэд хэдэн удаа харсан байна. Ямар нэгэн зүйл ажигласан залуу гудамжны камерийг шалгаж үзтэл нэгэн хүн нохойгоо үлдээн гүүрнээс үсэрч буй нь тодоор бичигдсэн байжээ. Түүнээс хойш нохой 4 өдрийн турш эзнээ хүлээн суугааг мэдсэн залуу тус нохойны зургийг авч сошиал орчинд түгээсэн байна.
Улмаар олон хүний анхаарлыг татсан хөөрхий нохойг Ухань Хотын Жижиг Амьтдыг Хамгаалах Холбооноос анхааралдаа авахаар болжээ. Гэвч нохойг авахаар очих үед тэрээр зугтааж дахин харагдахаа больсон байна. Тус Холбооны ажилтан Ду Фаны хэлснээр “Тус нохойг харсан хүн байвал бидэнтэй холбогдоорой, ингэснээр бид түүнд шинэ эзэн олж өгч чадна. Ийм үнэнч хөөрхийлөлтэй нохойг гудамжинд үлдээх нь харамсалтай хэрэг болно” гэжээ.