Дэлхийн хүн амын өдөр болон “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан энэ пүрэв гарагт Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас цахим уулзалтыг зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох энэхүү уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм.
Арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар нээлтийн үг хэлэхээс гадна Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцоно.
Энэхүү арга хэмжээ нь КОВИД-19 цар тахал Монголд болон дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг мэдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Арга хэмжээ англи, монгол хэл дээр зохион байгуулагдана. 7 сарын 23-ны 10:00 – 11:00 цагт болох энэхүү арга хэмжээнд оролцохын тулд тухайн цагт дараах линкээр холбогдоно уу: https://unfpa.zoom.us/j/94352841520
Жил бүрийн 7 сарын 11-нд Дэлхийн хүн амын өдөр тохиодог. Энэ жилийн Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын охид эмэгтэйчүүд үзүүлж буй нөлөөг олон нийтэд таниулж, энэ хүнд бэрх цагт охид эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.
НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх 6 сарын турш үргэлжилвэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учирах бөгөөд, бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомстолд орж, цаашлаад 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулсан билээ.