Төсөв, мөнгө байхгүй гэх шалтгаанаар тав тухгүй, сэтгэл ханамжгүй орчинд хүүхдүүдээ байлгахыг хүсдэггүй учраас өөрсдийн гараар сэтгэлээ шингээж урласан бүтээлүүдээрээ ангиудаа тохижуулж, өөр хаанаас ч харах боломжгүй тохилог орчинг бүрдүүлэхийг хичээн ажилладаг хэмээн дуу нэгтэйгээр хариулах энэ хамт олон бол Дэнжийн мянгад байрлах 275 дугаар цэцэрлэгийнхэн. Тус цэцэрлэгийн багш нар ангийн булан, ширээний бүтээлэг, ариун цэврийн өрөөний даавуун гоёл гээд өөрсдийн гараар хийж болох бүхий л зүйлийг урлаж, анги танхим болон цэцэрлэгийнхээ орчинг тохижуулдаг байна.
Тэднийг нэг зүгт чиглүүлж, атгасан гар шиг зангидаж ажилладаг хүн бол 275 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтантуяа. "Гэр хорооллын цэцэрлэг яагаад гоё байж болохгүй гэж. Байгаа орчиндоо гэрэл түгээхийг зорьж ажилладаг" хэмээн ярих энэ эрхэм боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллажээ. Туслах багш, бүлгийн багш, аргазүйч гээд хийж болох бүхий л ажлыг хийж, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүний туршлага, мэдлэг өнөөдрийн энэ хамт олныг бүтээсэн гэхэд хол зөрөхгүй. Тэрбээр, "Цэцэрлэгийн орчин таатай, уур амьсгал сайхан байхад багш нарын хандлага маш чухал нөлөөтэй учраас багш нарыгаа дэмжиж, ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай байлгах тал дээр нь анхаарч ажилладаг. Тэр ч утгаараа манай багш нар аливаа ажлыг хийхдээ огтхон ч төвөгшөөдөггүй. Өөрсдийн гараар бүтээл урлаж, ангиудаа тохижуулдаг" хэмээн хамт олноороо бахархан ярилаа.
Дараагийн хүн буюу манай сурвалжлагын гол баатар бол өөрийн мэдлэг, ур чадвараараа залуу багш нараа манлайлан зааж сургадаг Б.Ариунаа багш. Тэрбээр, ангийн булан, ширээний бүтээлэг, ариун цэврийн өрөөний даавуун гоёлууд гээд хийж болох бүхий л зүйлийг өөрийн гараар урлаж, өөр хаанаас ч харах боломжгүй тав тухтай орчинг бүрдүүлж чаджээ. Түүгээр ч зогсохгүй бусад багш нартаа зааж, зөвлөж хамтарч хийсний хүчинд 275 дугаар цэцэрлэгийн бүх анги багш нарынхаа бүтээлээр "гоёж", улсдаа жишиг тогтоосон тохилог цэцэрлэг болж чаджээ.
Цэцэрлэгийн гадна болон дотор тохижилт, дөрвөн жилийн турш тордож ургуулсан ногоон байгууламж, багш, ажилтнуудын харилцаа хандлага гээд тус цэцэрлэгт өөлөх зүйл нэг ч байсангүй. "Гэр хорооллын гудамжид нууцлаг орших улсын цэцэрлэг ийм байж болдог юм байхдаа. Цаг наргүй их ажлын хажуугаар яаж энэ бүхнийг амжуулдаг юм бол доо" гэх түмэн асуултад хариулт хайж, тус цэцэрлэгийн хаалгаар орсон би "Хийж бүтээе, гоё сайхан орчинг бий болгоё гэсэн "ЧИН СЭТГЭЛ" байхад л болно доо" гэх ганцхан хариулттай гарч ирсэн юм.