Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Г.Улаанцэцэг: Уран бүтээлдээ эргэн ирж байгааг маань маш сайхнаар хүлээж авч байгаа сонсогч фенүүддээ баярлалаа

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
11 минут 5 секунд

Соёл урлагийн салбарт ид гялалзаж байхдаа залуусын сэтгэлд хоногшиж, аманд аялагдсан уран бүтээлүүд туурвиж, хүн бүрийн хайрыг татаж байсан нэгэн бүсгүй бол яах аргагүй дуучин Г.Улаанцэцэг. Түүний хувьд өвөрмөц нэр, өөлөхийн аргагүй хоолойгоороо бусдаас ялгарч, урлагийн салбарыг өнгөлж байсан ч түр хугацаанд завсарлахдаа ээж хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр сонсогч фенүүддээ гэнэтийн бэлэг барьж "Тэмүүлэл" дуугаа коверлон дуулж, өөрийгөө урлагийн салбарт эргэн ирж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр шинэхэн продакшн болох "Прогерц" продакшны отгон артист болсон бөгөөд удахгүй шинэхэн уран бүтээлүүдээрээ учран золгохоо "UbnStory" булангийн маань шинэхэн дугаараар дамжуулан сонсогчиддоо уламжилсан юм.

-Таны хувьд саяхнаас уран бүтээлдээ эргэн орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Бараг таван жилийн хугацаанд гадаадад байж байгаад ирсэн болохоор үнэхээр сайхан санагдаж байна.

-Тэгэхээр таван жил урлагаасаа тэр дундаа дуу хөгжмөөсөө хол байж байгаад ирсэн гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд юу хийв. Хүмүүс их сонирхож байгаа байх. Яагаад гадаад руу явахаар шийдсэн юм бэ?

-Би уран бүтээлээ туурвиж байгаад БНСУ-руу явсан юм. Учир нь тэнд би нөхөртэйгөө танилцсан л даа. Бас тухайн үед амьдралаа холбоё гэж шийдээд явсан. Уран бүтээлээ түр завсарлаад хувийн амьдралдаа илүүтэй анхаарахаар шийдсэн. Гэхдээ уран бүтээлээ хаяагүй ээ.

Тэнд бараг 5 жил болсон байна. Бусдын л адил ажиллаж, амьдраад бүр хоёр бяцхан үрийн ээж болоод ирсэн. Монголд ирээд жил болж байна. Харин саяхнаас Нука найзтайгаа хамтраад "Прогерц" продакшнд ажиллаж эхэлсэн.

-Хүүхдүүдээ харж байх хугацаандаа дуугаа дуулах юм сан гэх бодол хэр их төрөв?

-Нуулгүй хэлэхэд огт тийм бодол төрөөгүй ээ. Хоёр хүүхэд маань жил дараалан төрсөн болохоор маш завгүй ээжийн ажлыг гүйцэтгэж байгаад ирсэн. Нэг хүүхэд, хоёр хүүхдийн ялгаа маш их гардаг юм билээ. Хүүхдүүдээ харахаас өөр зав бараг л гараагүй. Харин одоо хүүхдүүд маань том болчихсон болохоор гараас гараад, би ч дуртай зүйлээ хийх завтай боллоо.

-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог их байгаа гэж бодож байна. Шинэхэн уран бүтээлүүдээсээ хуваалцаж болох уу?

-Надад саяхан маш гоё санал ирсэн. Тэр юу вэ гэхээр Найруулагч Ц.Хүсэлбаатар ахын "Миний хүүтэй гэрлээч" МУСК-ны дууг дуулах санал байсан юм. Би ч хүсэлтийг нь хүлээн авч шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан. Кино маань энэ сарын 29-нд нээлтээ хийх учраас хэдхэн хоногийн дараа дуу маань цацагдана. Бас продюссер маань хамтран ажилласан байгаа.

Түүнээс гадна продакшны зүгээс олон олон уран бүтээлийг хүргэхээр бэлтгэж байна.

-Хэдхэн хоногийн өмнө "Тэмүүлэл" дуугаа коверлоод дуулсан байсан шүү дээ. Түүгээрээ ч мөн өөрийгөө эргэн ирж байгааг зарласан байсан. Бас хүмүүс ч гэсэн баяртайгаар угтан авч байгаа нь харагдсан?

-"Тэмүүлэл" дууг маань хүмүүс сайн мэддэг. Учир нь энэ дуу маань хүний сэтгэлийг хөнддөг. Бараг л "ЭМО" дуу гэж би хувьдаа боддог юм. Мөн эргэн ирэлтээ хийж байгаа учраас шууд л шинэ уран бүтээл хийгээд байхаасаа илүүтэй хуучин уран бүтээлүүдээ сэргээж дуулаад эсвэл мэддэг гадаад дуунуудаа коверлож байгаа. Ингэхдээ бид рийлийн хэмжээтэй буюу маш богино хэмжээтэйгээр хэд хэдэн дууг бэлдчихсэн байгаа.

Бас "Тэмүүлэл" дууны маань сэтгэгдэл хэсэгт хүмүүс эргэн ирэлтээ хийж байгаад баяр хүргэе, сайхан уран бүтээл шүү гэх зэрэг их эерэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байсан. Ингэж сайхнаар хүлээж авч байгаад маш их баярлаж байгаа шүү.

Дээр нь энэ дуугаараа "Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, "ЭМО"-руулж чадсандаа ч гэсэн их баяртай байдаг.

-Та өөрөө аяыг нь зохиосон санагдаж байна?

-Тийм. Миний хамгийн анхны зохиосон дуу. 2015 онд зохиож байсан юм.

-Ер нь энэ дуу яагаад төрөх болов. Дуу бүтсэн түүх гэж байдаг шиг хэрхэн бүтсэнийг нь бидэнд сонирхуулаач?

-Миний хувьд СУИС-ийг "Хөгжмийн багш" мэргэжлээр төгссөн юм. Заримдаа онгод орвол ая зохиочихдог байлаа. Тэгээд л аяа биччихээд аяндаа тохирох шүлэг хайгаад яг тохирох үг олдвол час хийсэн уран бүтээл төрнө гээд л яваад байсан юм.

Гэтэл манай байрны багын найз н.Төрмөнх маань шүлэг бичдэг байсан юм. Тэгээд л надад үгээ өгөөд наад дуунд чинь яг тохирно гэж хэлж байсан юм. Гэтэл үнэхээр үг, аялгуу хоёр маш сайхан нийцэж, зохицож чадсан.

Бас би тухайн үед "Dual Z" студид ажилладаг байлаа. Харин түүний өмнө дуучин П.Баярцэнгэлтэй хамтран "Хайрын дуу" дуугаа дуулсан байсан юм.

-Тухайн үед яах аргагүй таны хувьд тэр дундаа карьерынх нь хувьд оргил цэг байсан шүү дээ. Магадгүй кинонд тоглох санал ирж байсан байх?

-Тухайн үед би хөгжмийн сургалтын төв ажиллуулдаг байсан юм. Гэтэл надад нэг киноны санал ирсэн. Харамсалтай нь би татгалзчихсан. Учир нь кино бол богино хугацаанд хийгдчихдэг ажил биш. Урт хугацаа шаардана. Тиймээс хөгжмийн сургалтаа цалгардуулахгүй, ажлаа хаяхгүй гэж шийдээд киноноос татгалзсан. Гэхдээ хааяа нэг бодохоор кинонд тоглочихсон бол гэж их бодож харамсдаг л даа.

-Тэгвэл одоо киноны санал ирвэл хүлээж авах уу?

-Магадгүй.

-Ойрын төлөвлөгөөнд нь ямар уран бүтээлүүд байна?

-Ер нь бол их ажил төлөвлөсөн байгаа. Шууд дэлгэж болохгүй байх.

-Таны хувьд үзэгчид болон уншигчдадаа хандаад хэлэх зүйл бий юу?

-Би хэсэг хугацааны дараа уран бүтээлдээ эргэн орж байгаа шүү дээ. Тиймээс намайг маш сайхнаар хүлээж авч байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Удахгүй шинэхэн уран бүтээлүүдээ тасралтгүй хийнэ. Мөн найзтайгаа хамтарч байгаа учраас юунд ч санаа зовохгүй байгаа. Маш их баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.

"Прогерц" продакшны хувьд отгон продакшн гэж хэлж болно. Гэхдээ чадварлаг артистуудаар багаа бүрдүүлж, чанартай уран бүтээлээр сонсогч нартаа бэлэг барих болсон тухайгаа Продюсер Нука бидэнтэй хуучилсан юм.

Цоо шинэ залуу уран бүтээлчид нэгдэж ТЭСРЭЛТ хийхийг зорьж байна

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Нука гэдэг. "Прогерц" студийн продюсер.

-Өмнө нь бас төдийлөн сайн сонсож байгаагүй юм байна. Хэзээ үүсгэн байгуулагдсан студи юм бэ?

-Студи маань үйл ажиллагаагаа явуулаад жил хагасын хугацааг өнгөрүүлсэн байна. Одоогоор студи гэхээс илүү продакшны үйл ажиллагаанд илүү тулгуурлан, шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна.

-Ер нь дуучин Г.Улаанцэцэгтэй хэзээ холбогдоод артистаараа ажиллуулъя, уран бүтээл гаргая гэж шийдэв?

-Г.Улаанцэцэгийгээ БНСУ-д байхад нь л хамтарч ажиллая гэж ярьдаг байсан юм. Гэхдээ түүнээс өмнө буюу 2015 онд Г.Улаанцэцэгийг уран бүтээлээ туурвиж байхад "Аз жаргал энд байна" гэдэг дуун дээр хамтарч ажиллаж байсан. Би хөгжмийн найруулгыг нь хийж байсан юм.

Бараг тэр үеэс л хамтарч ажиллая гэж ярьдаг байсан даа. Гэхдээ хийхээс илүү бодох нь их байсан ч юм шиг. Тэгээд л БНСУ-д байхад нь одоо л яг цаг үе нь мөн гээд шийдсэн дээ.

-"Прогерц" продакшнд ямар ямар артистууд харьяалагдаж байна?

-Манай продакшнд "Сэтгэл дотроо бугласан зүйлээ гэнэт тэслэх гэж байгаа залуус" нэгдсэн гэж хэлж болох юм. Г.Улаанцэцэгээс гадна "Боно, Алдархишигт" гэх хоёр залуу маань байгаа.

Алдархишигт маань "Voice of Mongolia" шоунд оролцож байсан. Майкл Жэксоны дууг бараг л "А кофи"-дож дуулдаг залуу. Хүмүүс ч түүнийг нь үзэх дуртай байдаг.

Харин Боногийн маань хувьд 2014-2015 оны хооронд ковер дуулдаг залуу байсан юм. Охидын зүрхийг зүсдэг хоолойтой гэж хэлж болох юм. Мөн Г.Улаанцэцэг маань бас л онцгой тембртэй. Тиймээс гурван өөр тембртэй залуу нэгдэж "Тэсрэлт" хийхийг л хүсэж байна даа.

-Тэр гурван өвөрмөц тембрийг нийлүүлээд нэг сайхан уран бүтээл гарах уу?

-Мэдээж гаралгүй яахав. Хоёроороо, гурваараа, соло гээд л бүхий л төрлийн уран бүтээл гарна. Хамгийн ойрын хугацаанд гарах дуу маань дуэт дуу байгаа.

-Дуучин Г.Улаанцэцэг та хоёрыг багын найз гэж сонссон?

-Тийм шүү. 10 жилийн найзууд.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Сая Г.Улаанцэцэг маань үзэгч, сонсогчдодоо амлалт өгсөн шүү дээ. Яг түүний амласан дээр нэмээд хэд дахин их амлалтыг би өгөхийг хүсэж байна. Бас миний хувьд продюссер хийж байгаа учир артистуудаа илүү хөгжлүүлэх, сонсогчдодоо шинэ уран бүтээлүүдийг бэлтгэн хүргэхийг зорьдог доо.

-Ярилцсанд баярлалаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од: Бизнесийн хөгжлийг боомилсон хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хэрэгтэй
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од: Бизнесийн хөгжлийг боомилсон хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хэрэгтэй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.