Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа тул банкны өмчлөлд буй үлдсэн 68 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой юм.
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон.
"Шинэ Яармаг" цогцолбор хорооллын B zone хэсгийн орон сууцны зориулалттай 7 блок, үйлчилгээний зориулалттай 3 блок болон авто зогсоолын зориулалттай 1 блок буюу 80 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авах боломжтой юм.