Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаалтын эхэнд бичигдэх эрхтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний төлөө А.Адъяасүрэн, Д.Энхтуяа, Б.Жаргалан, Б.Пунсалмаа хүчтэй өрсөлдөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд
Зургийг UBN.MN

Даргатай болсон АН-ынхан ойрын хугацаанд дотоод зохион байгуулалтаа хийж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, нийслэлийн АН-ын дарга, Ардчилсан залуучуудын холбоо гэх зэрэг хэдэн байгууллагынхаа дарга, тэргүүнийг сонгох ажлыг зохион байгуулах гэж байна.

Эхний ээлжинд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулганаа энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээж холбооны тэргүүнээр одоо ажиллаж байгаа С.Одонтуяа албан тушаалаа өгөх учир уг суудлын төлөөх хүчтэй өрсөлдөөн АН-ын эмэгтэйчүүд дунд хүчтэй өрнөж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг бол жагсаалтын эхний байруудад бичигдэнэ. Товчхондоо уг холбооны дарга болсон хэн ч жагсаалтаар УИХ-ын гишүүн болно гэсэн үг юм. Тиймээс өрсөлдөөн хувь хүмүүсийн хооронд болон фракцуудын хооронд багагүй хэмжээнд байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл уг өрсөлдөөнд одоогийн байдлаар дөрвөн хүний нэр хүчтэй яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Адъяасүрэн, Б.Жаргалан, “М-Ойл” группын ерөнхийлөгч Б.Пунсалмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар хүчтэй өрсөлдж байгаа аж.

А.Адъяасүрэнгийн хувьд сүүлийн үед МонДе фракцид хамаарагдах болсон гэх түүнийг хамгийн ихээр түлхэж байгаа хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүний МоАХ фракц дэд дарга нарын багагүй хувийг авсан ч эмэгтэйчүүдийн холбоо болон нийслэлийг нэмж авна гэж зүтгэж буй гэх мэдээлэл байна. Үүнээс гадна А.Адъяасүрэнг оруулж ирэх нь эмэгтэйчүүдийн холбоонд мөнгө санхүүгийн хувьд дэмжлэгтэй гэх яриа АН-ын эмэгтэйчүүд дунд яригдаж байна. Хамгийн сонирхолтой нь МАН-ын зүгээс Р.Адъяасүрэнг дэмжих магадлалтай байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэрвээ эмэгтэйчүүдийн холбоогоо авчихвал намын жагсаалтад орно. Түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг прокурор дээр байгаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй. Нөгөө талдаа МАН-ын эмэгтэйчүүдийн холбоог удирдаж байгаа Х.Булгантуяатай харьцуулагдаж намынхаа бусад эмэгтэйчүүдийн рейтингийг доош нь татна гэж харж буй бололтой.

Б.Жаргалангийн хувьд сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин бөгөөд өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг утгаараа эмэгтэйчүүдээсээ дэмжлэгтэй байгаа аж. Тэрбээр, аавыгаа дагаад МҮДН фракцид хамаарч байгаад сүүлд АН-ын залуучуудын үүсгэсэн байгуулсан “Морьтон” фракцид орсон гэх мэдээлэл байна.

Харин Б.Пунсалмаагийн хувьд бизнесийн төлөөлөл. Одоогоор ямар нэгэн фракцаас шууд дэмжлэг авахгүй байгаа бөгөөд ерөнхийдөө улс төрд орохоор хичээж буй түүний хувьд том өрсөлдөөнд орох нь ялахаас илүү чухал юм. Өөрөөр хэлбэл, жагсаалт эсвэл тойрог авахад нь эмэгтэйчүүдийн холбоонд өрсөлдсөн нь хэрэг болно гэсэн үг.

Д.Энхтуяа төлөөлөгчийн хувьд саяхан АН-ын дэд даргаар томилогдсон юм. Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний төлөөх өрсөлдөөнд нь Шонхор фракц түүнийг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Тэгвэл эдгээрээс гадна Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудалд өрсөлдөж магадгүй гэж улс төрийн хүрээнд харж байсан эмэгтэй бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар З.Нарантуяа энэ удаагийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд орохгүй байхаар шийдсэн гэнэ. Учир нь тэрбээр, 2020 оноос хойш хэд хэд дараалсан ялагдал хүлээсэн. Сонгуулиар нутагтаа уначихсан, сая намын даргын өрсөлдөөнд орж 300 гаруй намынхаа гишүүдээс ердөө 12-хон санал авч маш том ялагдалд орсон юм. Хэрвээ энэ удаагийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд ороод дахиад уначихвал улс төрийн хувьд улам хүнд цохилтод орно. Тиймээс энэ удаад эмэгтэйчүүдийн холбооноосоо үлдэх бололтой.

Г.Лхагвадорж

Шугам холболтын ажил хийж байсан иргэн шороонд дарагдан, нас барлаа
Шугам холболтын ажил хийж байсан иргэн шороонд дарагдан, нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.