УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Дэмбэрэл бусдаас 200 сая төгрөг авсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, Б.Дэмбэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногоос эхлэн надтай холбоотой илт худал мэдээлэл тарж эхэллээ. Тодруулж хэлбэл, "Б.Дэмбэрэл П.Уянгын хамт Эмээлтэд байдаг зоорио Өвөрмонголын иргэнд түрээслүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилан 200 сая төгрөгийг бэлнээр авчээ" гэх утгатай мэдээллүүд цацагдаж байна. Би энэ мэдээллийн ард улс төрчид зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа гэж хардаж байна.
Учир нь надад зоорь байхгүй. Би П.Уянга гэж эмэгтэйг танихгүй. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайд холбогдоогүй хүмүүс. Иймд тэднийг харлуулахын тулд намайг хавчуулж байна. Нэг бичилттэй, нэг зурагтай мэдээг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зэрэг тараасан байгаа нь хардах үндэс болж байна. Надад хардаж буй хүмүүс байгаа. Гэхдээ нэрийг нь хэлэхгүй. Би хуулийн байгууллагад хандаж, өөрийн нэр төрийг сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.