Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар голын голдиролыг өөрчлөн барьсан, үерийн эрсдэлд буй гурван байршлыг нэн яаралтай албадан буулгах захирамж гаргасан. Тодруулбал, "Aqua Garden" хороолол, "S'Outlet", Алтай хотхоны урд байрлах "Шунхлай ШТС"-ийг албадан буулгахаар болсон юм.
Тэгвэл өчигдөр /2023.09.05/ Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Алтай хотхоны урд байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын үлдэгдэл бензин, түлшийг соруулах ажлыг тус компаниас зохион байгуулж, НОБГ-аас газар дээр нь хяналт тавин ажилласан байна.
Ингэхдээ нийт 42,000 литр бензин соруулж дууссан бөгөөд үлдэгдэл дизель түлшийг соруулах ажил хэвийн үргэлжилж буй аж. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон станцын эрхлэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгчээ.