Өнгөрсөн долоодугаар сард орсон хүчтэй аадар бороо болон үргэлжилсэн борооны улмаас томоохон голуудын усны түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн. Тиймээс Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлтэй нөхцөл байдлыг сааруулахын тулд хүчитгэсэн шороонд даланг босгосон байсан бол шороог зөөвөрлөн асгасан байна. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас нэгдүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг есдүгээр сарын 04-ний 18:00 цагаас өчигдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийжээ.
Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажилласан байна.
Түр далангаас нийт 147 рейс буюу 3380 шоо метр шороог тээвэрлэн асгасан бөгөөд далангийн шороог зөөвөрлөх үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн байнга чийгшүүлэлт хийхийн зэрэгцээ дөрвөн удаа ариутгал халдваргүйтгэл хийсэн аж. Мөн дээрх хугацаанд Сэлбэ гол дагуух үерийн хүчитгэсэн түр далангийн 70 орчим хувийн шороог зөөж тээвэрлэн цэвэрлэгээ, ариутгал хийсэн байна.