Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Би сургуульдаа явмаар байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 33 секунд

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил хэдийнээ хаалга тогшин ирсэн. Бүгд л баяр хөөртэй, аз жаргалтай байх авч зарим сурагчид нүдэндээ нулимстайгаар хичээлийн шинэ жилээ угтан авсан. Учир юун гэвэл нийслэл хотын зарим ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн байр танхимын хүрэлцээ муутайгаас үүдэн хичээлдээ явж чадахгүй эсвэл гурван ээлжээр хичээллэж буй. Тэр ч бүү хэл байр танхимын хүрэлцээгүйгээс болж цахимаар хичээллэж байгаа хэд хэдэн сургууль байна.

Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг хичээлийн шинэ жил эхэлсэн ч дээрх асуудалтай нүүр тулсан сургуулиуд цаашид ямар арга хэмжээ авч, сурагчдынхаа эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хэрхэн хангах талаар албаны мэдээлэл болон эцэг, эхчүүд, хүүхдүүдийн байр суурийг сонслоо.

Улаанбаатар хот, БЗД, Нийслэлийн 21-р сургууль

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын 310 сургуульд /төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 148/ 384168 суралцагч хамрагдаж буй.

Гэтэл энэ хичээлийн жилд сургуулийн барилга, ширээ сандлын хүрэлцээ хангамжийн байдлаас шалтгаалан БГД-ийн Эрдмийн өргөө сургууль болон СХД-ийн 12-р сургуулийн нийт 43 бүлгийн 1780 сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй БЗД-ийн 21-р сургуулийн дөрөвдүгээр ангийн 500 гаруй сурагч энэ хичээлийн жилээс эхлэн түрээсийн байранд суралцахаар болсон ч тухайн түрээсийн байр нь ашиглалтын шаардлага хангахгүйн дээр эрүүл ахуйн шаардлагад ч тэнцэхгүй барилга байсан аж.

Иймд сурагчдын эцэг, эхийн төлөөлөл хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд сургахаар сургуулийн захиргаа болон БЕГ-т хандаад буй аж.

Бид сурвалжлагынхаа явцад 21-р сургуулийн эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад,

21-р сургуулийн түрээсэлсэн байр сарын 26 сая төгрөгийн үнэтэй ч дотроо хоёрхон "00"-той

"21-р сургуулийн захиргаа энэ хичээлийн жилд дөрөвдүгээр ангийн сурагчдаа түрээсийн байранд сургаж байгаа. Нийт 12 бүлгийн 500 гаруй сурагч түрээсийн байранд хичээллэхээр болсон. Гэвч есдүгээр сарын 01-ний өдөр биднийг очиход хүүхдийн хичээллэх орчин нөхцөл маш муу байсан. Өөрөөр хэлбэл нэг ангиас нөгөө анги руу дамждаг, нэг том танхимыг голоор нь хуваагаад хоёр анги болгосон байсан. Бүр биеийн тамирын заал нь маш намхан. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, агааржуулалт байхгүй, хөгц, мөөгөнцөр үнэртсэн байр.

Мөн дотроо хоёрхон бие засах өрөөтэй. Нэг бие засах өрөө нь нэг ангийн хамгийн хойд талд байрладаг. Гэтэл ийм орчин нөхцөлд хүүхдүүд маань хэрхэн суралцах вэ.

Манай гурван хүүхэд энэ сургуульд явдаг. Би хүүхдүүдээ адил тэгш сургамаар байна. Өмнө нь гурван ээлжээр хичээллээд болдог байсан. Гэтэл ямар ч сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй байрыг сарын 26 сая төгрөгөөр түрээслээд дөрөвдүгээр ангийн сурагчдыг оруулж байгаа нь хачирхалтай санагдаж байна" хэмээсэн юм.

Харин өөр нэг ээж,

Түрээсийн байр нь 21-р сургуулиас 1км-ийн зайтай. Энэ хол зайд хүүхдүүдийн үдийн хоолыг зөөнө гэж байсан

"21-р сургуулийн түрээсийн байр сургуулиасаа 1 км гаран зайтай. Гэтэл энэ хол зайд хүүхдүүдийн үдийн хоолыг зөөнө гэж байна лээ. Дулааны улиралд яая гэхэд өвөл ингээд явах хүндрэлтэй. Тэр ч бүү хэл биеийн тамирын заал нь маш жижигхэн. Зай талбай багатай. Тиймээс биеийн тамирын хичээлийг нь 21-р сургууль дээр оруулна гэсэн. Гэтэл хүүхдүүд 1 км гаран алхаад сургууль дээрээ ирж байхдаа ямар нэгэн эрсдэлд орохыг үгүйсгэхгүй. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ.

Ямар ч нөхцөлд хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд сургамаар байна" хэмээсэн юм.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр л сургууль дээрээ очсон бяцхан сурагчдын зарим нь энэ нэгдэх өдрөөс эхлэн хичээлдээ яваагүй аж. Учир нь сурч боловсроход тун хүндрэлтэй байгаа тул ийнхүү асуудал шийдэгдэхээс нааш хичээлдээ явахгүй гэжээ.

Бид сурагчдын төлөөлөлтэй ярилцаж, тэдэнд ямар асуудал тулгараад байгааг асуухад,

Түрээсийн байрнаас гараад шууд машин зам угтдаг. Тиймээс эрсдэлд орох вий гэж айж байна

"Есөн сарын 01-нд л хичээлдээ очсон. Муухай үнэртэй, дээр нь анги дамжиж хичээлдээ ордог болохоор хичээл хийх явцад саад болдог юм билээ. Дээр нь сургуулиас гараад шууд машин замтай. Гүйж харайж болохгүй. Тиймээс гараад осолд орох вий гэж айж байна" хэмээсэн юм.

Харин өөр нэгэн сурагч,

21-р сургуульдаа л сурмаар байна

"Зөвхөн сургуульдаа л сурмаар байна. Түрээсийн байранд нь очиж үзсэн. Анги дамжиж хичээлдээ ордог. Бас хоцорсон хүүхдүүд бид нарын дундуур явдаг болохоор анхаарал их сарниж, хичээлээ ойлгохгүй юм билээ. Бас анги дотроо нойлтой учраас муухай үнэр байнга үнэртдэг" гэлээ.

Ийнхүү бид эцэг, эх, сурагчдын төлөөллөөс байр суурийг нь сонссон бол сургуулийн захиргаанаас БЕГ-ын төлөөллүүдтэй ярилцаж, дараах шийдвэрт хүрсэн юм. Тодруулбал,

"Нийт 12 бүлгийн найман анги нь 21-р сургуульдаа хичээллэж, дөрвөн бүлэг нь түр хугацаанд түрээсийн байрандаа хичээллэхээр болсон. Өөрөөр хэлбэл сургуулийн зүгээс 14 хоногийн хугацаанд сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан, сурагчдыг сурч боловсроход таатай орчин нөхцөл бүхий түрээсийн байрыг хайхаар болсон" юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд 10 сургууль цахимаар хичээллэж буй.

Тодруулбал, БЗД-ийн 30-р сургуулийн хоёр бүлэг, 71 сурагч, БЗД-ийн 133-р сургуулийн 21 бүлгийн 839 сурагч, БЗД-ийн 157-р сургууль, СХД-ийн 12-р сургуулийн 28 бүлгийн 1137 сурагч, СХД-ийн 154-р сургууийн зургаан бүлгийн 250 сурагч, СБД-ийн 16-р сургуулийн таван бүлгийн 187 сурагч, СБД-ийн 31-р сургуулийн 55 бүлгийн 2224 сурагч, СБД-ийн Эрдмийн хөтөч сургуулийн дөрвөн бүлгийн 160 сурагч, СБД-ийн 71-р сургуулийн дөрвөн бүлгийн 182 сурагч, ХУД-ийн 161-р сургуулийн 34 бүлгийн 1080 сурагч цахимаар хичээллэж буй аж.

Цахимаар хичээллэж буй сургуулиуд ирэх 10 дугаар сарын 01 гэхэд танхимаар хичээллэнэ

Тэгвэл "Цахимаар хичээллэж буй сурагчдыг ирэх аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд танхимаар хичээллүүлэх болсон" гэдэг мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газрын Хүүхэд эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга М.Цогзолмаа мэдээлсэн юм.

Харин бусад сургуулийг хэрхэн асуудлаар БЕГ-ын дарга Т.Ням-Очир мэдээлсэн бөгөөд тэрбээр,

"Бид зургаан сараас хойш гурван сарын хугацаанд ажилласан. Одоогийн байдлаар 10 сургуульд түр хугацааны зохицуулалт хийж байгаа. Тухайлбал, 31-р сургуулийн хувьд өнгөрөгч долоодугаар сард орсон борооны улмаас 2-3-р давхарт ус нэвчсэн учраас зохицуулалт хийх шаардлагатай болсон. 71-р сургуулийн хувьд 10 хоногийн хугацаанд түр зохицуулалт хийх, 161-р сургуулийн хувьд хөрснөөс ус гарч ирсэн учраас бохирын асуудлаас үүдэн 5-10 хоногт асуудлаа шийднэ гэсэн. Нийт 47 сургуулиас 10 сургууль энэ мэт асуудалтай байсан. Харин 21-р сургуулийн хувьд ийм асуудал байгаагүй бөгөөд өнөөдөр ийм асуудал үүсээд байна" хэмээв.

Энэ мэт зарим сургуулийн хувьд хичээлийн шинэ жил эхэлсэн ч асуудал дагуулсаар байна. Гэхдээ үүнийг ирэх аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаанд зохицуулан, цаашид шаардлагатай арга хэмжээг авна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. Тиймээс ирэх жилүүдийн хувьд дээрх асуудлыг эртнээс шийдэн, холбогдох яам, тамгын газар хариуцлагатай ажиллаж хүүхэд бүрийг сурч боловсрох эрхээр хангах нь зүйн хэрэг юм.

“13 настай охин нь бусдад хүчиндүүлсэн” хэмээн худал мэдээлэл тараажээ
“13 настай охин нь бусдад хүчиндүүлсэн” хэмээн худал мэдээлэл тараажээ
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.