Ирэх 12 дугаар сарын 15-наас 01 дгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхийн галлагаанд хагас коксон нүүрсийг туршилтаар нийлүүлж утаа ялгаралт, илч, дулаан хадгалалтын чанарыг судлахаар болсон. Энэ хүрээнд түлшний түүхий эд болох кокс, асаагчийг БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр худалдан авах асуудал олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс хагас коксон түлшийн туршилт болон үйлдвэрийн талаар тодрууллаа.
-Хагас коксон түлш үйлдвэрлэх туршилт хэзээнээс эхэлсэн бэ. Туршилтаас гарсан үр дүнгийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хувьд өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний сайдаар томилогдсон. Сайдаар томилогдох үед Ерөнхий сайд надад хоёр үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын чанарт өөрчлөлт гаргах ажлыг дорвитой эхлүүлэх. Хоёрдугаарт, манай улсын эрчим хүчний системийн хэрэглээ суурилагдсан эх үүсвэрийн хүчин чадлаасаа давсан байгаа учраас эрчим хүчний төслүүдийг урагшлуулах гэсэн хоёр үүрэг даалгаврыг өгсөн.
Ийнхүү 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод ажиллаж байгаа. Энэ хооронд агаарын бохирдол нь хүнд байсан улс орнуудын туршлагыг бид судалж үзлээ. Тухайлбал, Английн Лондон хот, БНСУ-ын Сөүл, Хятадын Бээжин хотын туршлагатай очиж танилцаж судалсан. Ойлгомжтой байгаа нэг зүйл нь, дээрх улс орнуудын туршлагаас харахад одоо хэрэглэж байгаа түлшнийхээ түүхий эдээс бид салах шаардлагатай юм байна. Одоо байгаа миддлингийг дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн буюу хагас коксоор солих хэрэгтэй.
Миддлингтэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2,4 дахин, дэгдэмхий 22-оос 10.5 болж буурч байгаа. Хорвуу чанарууд нь буурсан туршилтыг бид хийж үзсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөгийг зарцуулсан. Энэ хугацаанд БНХАУ-д хэд хэдэн туршилт хийсэн. Зөвлөх баг авч ажиллуулсан.
80 тонн хагас коксжих нүүрс оруулж ирж Тавантолгой түлш компанид авч ирж барьцалдуулагч ашиглаж дөрвөн төрлийн түлш хийж үзсэн. Зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, дээр дурдсан үр дүнг гаргаж ирсэн.
-НИТХ-ын үеэр төлөөлөгч нарт танилцуулсан шүү дээ. Коксон түлшиийг нэвтрүүлэх ажил дээр ямар процесс үргэлжилж байна?
-Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2023 оны 12 дугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл буюу 45 хоногийн хугацаанд хагас коксон түлшээ борлуулж үзэх саналыг танилцуулсан. Импортлоход 177.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Үүний 120 орчим тэрбум төгрөг нь хагас коксыг импортлох зардал, гааль, НӨАТ, гадаад дотоод тээврийн өртөг, бусад нь 20 орчим тэрбум төгрөгт асаагчийг цуг импортлохоор төлөвлөсөн. Мөн түүнчлэн хэд хэдэн барьцалдуулагчийг оруулж ирж, түлшнийхээ чанарыг өөрчилж үзье гэж байгаа юм.
2023 оны 11 дүгээр сарын 1 гэхэд энэхүү түлшээ оруулаад ирвэл 12 дугаар сарын 15 хүртэл 115 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, туршилтын түлшийг түлж үзэх урьдчилсан төлөвлөгөөтэй л явж байна.
-Коксон түлш гэлтгүй миддлинг дээр ч тэр хэрэглээнд орууллаа гэхэд утаа хэр хэмжээгээр буурах вэ гэдэг л гол асуултыг олон нийтийн зүгээс хөндөж тавьдаг?
-Утаа бүрэн арилахгүй. Гэхдээ 2 дахин буурах болов уу гэсэн хүлээлтийг лабораторын урьдчилсан үнэлгээнд суурилан тавиад байна. Хагас коксоор утааг бууруулсан улс орнууд тухайн цаг үедээ 7-10 жил хэрэглэсэн байдаг. Дийлэнх нь одоо ч гэсэн хэрэглэж байгаа. Ийм л стандарт, ийм л түлш хэрэглэж байна.
-45 хоногийн туршилтаа хийгээд амжилттай боллоо гэхэд дотооддоо үйлдвэрлэх боломжоо хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ. Үйлдвэрийн талаар мэдээлэл өгөөч. ТЭЗҮ боловсруулсан байгаа юу?
-2023-2024 оны галлагааны улиралд түлж үзээд ямар хэмжээний үр дүн гарах нь вэ гэдгийг харья гэж байгаа юм. Дараагийн ээлжинд
хагас коксыг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх зорилго бүхий ТЭЗҮ-ийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болгоно. Ингэхдээ 600 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Багануурын уурхайд түшиглэн барина. Гаднын хөрөнгө оруулагч энэ үйлдвэрийг барина. Монголын тал газрыг гаргаж өгнө.
10 жилийн хугацаанд Багануурын уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнийг тодорхой болгож өгнө. Дараагаар үйлдвэр баригдсан тохиолдолд гурван төрлийн бүтээгдэхүүн гарна. Хагас кокс, давирхай, хий гарна. Хий нь ойролцоогоор 30-50 мвт-ын цахилгаан станц үйлдвэрлэх боломжтой юм билээ. Бид түүнийг Эрчим хүчний хуулийн дагуу төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийнэ. Тавантолгой түлш компани 600 мянган тонн түлшийг арван жилийн хугацаанд түлшийг худалдаж авах гэрээг хийх юм. Давирхайг гадагш экспортолж бусад орнуудад түүхий эдээр борлуулах тооцоололтой байгаа. Энэ тохиолдолд хагас коксын үнэ ойролцоогоор 1 тонн нь 350 мянган төгрөг болох болов уу. Магадгүй түүнээс буурахыг үгүйсгэхгүй. Тавантолгой түлш компани миддлинг юм уу хагас коксыг худалдаж аваад явахаар тогтмол зардалд 327 мянган төгрөг гэхээр нэг тонн нь 650-700 мянган төгрөгийн үнэтэй түлш үйлдвэрлэх юм байна гэж ойлгож болно.
Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани дээр нэг тонн түлшийн үнэ 2022 оны эхний хагасын үнэлгээгээр 450 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Зөрүү 300 мянган төгрөгийг татаасыг ЭТТ ХК нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жил санхүүжүүлээд явж байгаа.
450 мянган төгрөгийн өртөгтэй түлш маань 650-700 мянган төгрөг болж нэмэгдэх нь байна. Тэгэхээр одоо байгаа татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэх урьдчилсан тооцоо гарч байгаа. Энэ тооцоо гүйцэтгэлээр таван хувиар нааш цааш хэлбэлзэж магадгүй.
-Үйлдвэрийг барихад хэр хугацаа шаардагдах вэ?
-600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий хагас коксын үйлдвэрийг барихад 16-18 сар шаардлагатай. Тиймээс 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2024 оны нэгдүгээр улиралд тендерийн компани тодорхой болно. 2025 оны зургаадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болно гэсэн үг. Ер нь миддлингээр хийсэн шахмал түлш тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн.
Гэхдээ Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед миддлингээр хийсэн шахмал түлшийг цаашид хэрэглээд явахад өнгөрсөн өвлөөс утааны хэмжээ буурахгүй гэдгийг олон нийтэд хэлчихсэн нь дээр болов уу гэж бодож байна.
-Хагас коксон нүүрсийг турших асуудлыг Засгийн газрын сайд нартаа танилцуулсан уу. Мэдээлэлтэй байгаа юу?
-Засгийн газрын холбогдох сайд нарт дөрөвдүгээр сарын сүүлээр галлагааны туршилтыг хийж үзүүлсэн. Сайд нар мэдээлэлтэй байгаа. Нийслэлд 14 хоногийн өмнө танилцуулгаа хийсэн.