2024 оны сонгуулийг угтсан энэ намрын улс төрийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба үргэлж шударга үнэний туйл гэдгээ цохон тэмдэглэж ирсэн "Босоо Ганбаа" хоёр эхлүүлэв. Хамгийн сонирхолтой нь, "Босоо Ганбаа" шинэ имиж сонгосон нь олны анхаарлыг татаж, багагүй хөгжөөгөөд амжив. Шинэ имижтэй С.Ганбаатар гишүүн Х.Баттулгыг дагалдан орон нутгаар "Хөх Монголын хөх туг" чуулга уулзалтыг хийж явахдаа өөрийн сонгосон шинэ “дүрээ” ард түмэнд хоногшуулж явна.
Өмсөж зүүснээс нь харвал, мань эр “Гарьд Магнай” киноны Далайцэрэнтэй төстэй харагдахыг хүссэн үү гэлтэй. Цаад агуулгаараа тэр өөрийгөө дээдсийн бус эгэл ардын дүрээр харуулахыг хүссэн нь илт. Найман жил эрх барьчихсан дахиад дөрвөн жилийг нэмэх санаатай байгаа эрх мэдэлтэй МАН-ын эсрэг тэмцэх дүр үүнээс өөр хаана байх билээ. "Оюу толгой" гэх "бай" нь утгагүй болж сэдэв нь мөлжүүргүй болсон тул ирэх сонгууль эрх баригчдын эсрэг дарлагдсан ард Далайцэрэнгийн дүр үзэгчдээс алга ташуулж ч мэднэ. Энэ үйлдлээрээ тэрбээр эргэлт буцалтгүйгээр Х.Баттулгын хүн гэдгээ батлаад өглөө гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ арга Х.Баттулгад ч бий.
Х.Баттулга байнга шахуу цагаан цэгтэй, хар даавуун дээлээ өмссөөр нэг хэсэг хүмүүс дээлний өнгийг нь хүртэл “Женко” даавуу зэргээр хэлдэг байв. Харин энэ имижнийх нь санааг “Их замын эхэнд” киноны төрсөн нутагтаа эзэн сууж, түмэндээ түшиг болсон тэмцэгч Хөх чононы дүрээс үүдсэн гэж учир мэдэх хүмүүс улс төрийн хүрээнд ярилцдаг гэдэг. Тиймдээ ч тэрбээр Монгол ялна гэж үргэлж хэлж ярихын сацуу төрсөн нутагт нь Хятадууд ороод ирнэ гэх зэргээр эх оронч имижээ бүрдүүлж ирсэн. Энэ тохиолдлоос харвал “Далайцэрэн” Ганбаагийн үйлдэл Х.Баттулгын үйлдэлтэй ч таарч байна. Ямартай ч "Босоо Ганбаа төрөл арилжиж энэ намрын улс төрд эгэл ард “Далайцэрэн”-гийн дүрээр хүч үзэх нь ээ.