Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орох гэж байгаа 68 сургуулиудад онцгойлон анхаарлаа. Үүнд 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Гурван ээлжээр хичээллэх эрсдэл юунаас шалтгаалав гэдэгт гурван шалтгааныг бид олж гаргасан. Нэгдүгээрт, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12-р анги төгсөж байгаа. 35-45 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ үүсч байна. Хоёрдугаарт, оновчгүй хөрөнгө оруулалтыг төлөвлөлтүүдийг хийж ирсэнээс үүдсэн алдаа. Газаргүй, зураг төсөлгүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөс үүдэж зураггүй, газаргүй эхэлсэн сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүйгээр жил дамнаж төсөв нь өсдөг тендерийн хонгил үүссэн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаа. Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байгаа. Гэтэл томоохон хорооллууд сургууль, цэцэрлэг төлөвлөж барихгүйгээр барилгаа барьж, улсын комисст хүлээлгэж өгдөг асуудал байна.
Энэ ондоо багтаж барилга угсралтын ажил нь удааширсан байгаа 74 сургууль, цэцэрлэгийн асуудлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан" гэв.