Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
-МЭНДЧИЛГЭЭ-
Монгол оронд орчин үеийн автотээврийн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэндийг Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Тэртээ ХХ зууны эхэн үе буюу 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ л салбараас үүдэн агаарын тээврийн, төмөр замын гээд бүх төрлийн тээврийн салбарын эхлэл байсан нь дамжиггүй юм.
Өдгөө 95 настай золгож байгаа энэ салбарын түүхэн үе шатыг эргэн нэг харъя.
- Механикжсан тээврийн төрлүүд анхлан нэвтэрч эхэлсэн он жилүүд буюу 1925-1940 он;
- Тээврийн бие даасан салбар болж бүрэлдсэн 1940-1960 он;
- Тээврийн салбарын ахицтай хөгжлийн үе 1960-1975 он;
- Тээврийн салбарын ирмүүн хөгжлийн үе 1975-1990 он;
- Шилжилтийн үеийн тээврийн салбар 1990-2005 он;
- Зах зээлийн эдийн засгийн үеийн тээврийн салбарын хөгжлийн он жилүүд буюу 2005-2020 он гэж тоймлон үзэж болох юм.
Монгол Улсын нийгмийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноос хойшхи хугацаанд автотээвэр бараг бүхэлдээ хувийн хэвшилд шилжин, автозамын сүлжээ өргөжин, шинэ тогтолцоонд шилжих явцад тохиолдсон саад бэрхшээл, хямралыг ажралгүй давж улмаар төмөр замын тээврийн хэмжээ ч нэмэгдэж, иргэний агаарын тээвэр үйлчлэх хүрээгээ улам тэлж Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд нислэг үйлддэг боллоо.
Түүгээр үл барам Монгол жолооч нар Ази, Европ тивийг дамнан алсын алсад аяны дөрөө мулталж, Олон Улсын конвенциудад нэгдэн эрх зүйн хувьд хүрээгээ улам тэлсээр байна.
Ахмад үеийнхний хэлж заншсанаар орчин үеийн оньсон техникийг өөрийн болгож эдэлдэг, эмчилдэг, бас ч үгүй хоёрыг нийлүүлж, нэгийг бүтээдэг нь яахын аргагүй автотээврийнхэн мөнөөс мөн.
Тэгвэл өнөөдөр Монголын тээвэрчид тээвэр логистикийн салбарыг гардан хэрэгжүүлэгчид болж чаджээ. Та бүхнээр бахархахгүй байхын аргагүй дээ. Монголын автотээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд гүн хүндэтгэл илэрхийлье.
Автотээврийн салбарын нүүр царай болж яваа өнөөгийн автотээвэрчид, тэдний залгамж халаа болсон залуустаа аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Энэ салбарын ирээдүйг тодорхойлогч эрдэмтэн, залуу үеийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж яваа ачит багш, судлаачиддаа эрдмийн цагаан гэгээ өнө мөнхөд мандаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Автотээвэрчдийн яруу алдар өнө мөнхөд бадарч байх болтугай.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.Халтар