Энэ зун төв цэнгэлдэх хүрээлэнд Татар, Хурд зэрэг хэд хэдэн хамтлаг уран бүтээлчдийн тоглолт боллоо. 30-40 мянга гаруй хүн нэг дор цуглаж, цэнгэлдэх хүрээлэн үзэгч олонд багадаж буйг ч ярих хүмүүс их байв. Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн завсар үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, орц гарц зэргээс авхуулаад олон нийтийн шүүмжлэлд өртөж ирсэн асуудал их бий. Тэгвэл эл асуудлын хүрээнд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваатай ярилцлаа.
-Энэ зун төв цэнгэлдэх хүрээлэнд олон хүнийг хамарсан томоохон хэмжээний хоёр ч тоглолт боллоо. Хамгийн сүүлийнх нь Татар хамтлагийн тоглолт. Ирэх есдүгээр сард олон нийтийн хүлээлтэд байгаа хоёр ч тоглолт энд болно. Гэвч цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт үйлчилгээ, орц гарц, ариун цэврийн байгууламж гээд олон асуудлыг иргэд цахим сүлжээнд хөндөж шүүмжиллээ. Тухайлбал, орц гарцын тухайд Татар хамтлагийн тоглолтоор нэлээн шүүмжлэл дагуулсан?
-Төв цэнгэлдэх хүрээлэн нийтдээ иргэд орж гарах зориулалт бүхий үндсэн 20 ширхэг хаалгатай. Татар хамтлагийн тоглолтын үеэр дотогш орж чадаагүй гэх шүүмжлэлүүд гарсан. Зохион байгуулж буй газар буюу манайхтай гэрээ байгуулсан газар нь тоглолтын тасалбарыг өөрсдөө гаргаж, худалдан борлуулдаг. Ашиг орлогоо ч өөрсдөө авдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн түрээсийн үйлчилгээ явуулдаг. Энэ утгаараа зохион байгуулж буй талаас тоглолтын өдөр хэдэн хаалга онгойлгож иргэдийг оруулж гаргана гэдгээ шийддэг. Өөр олон хаалга онгойлговол тасалбар аваагүй хүмүүс орж, тасалбар худалдан авсан хүмүүсийн эрх ашгийг зөрчинө гэдэг үндэслэлээр манайд гурван хаалга онгойлгох хүсэлтийг тавьсан. Өөрөөр хэлбэл, цөөн хаалга онгойлгож иргэдийг дотогш нэвтрүүлсэн нь хаалга, орц гарц дутмагаас шалтгаалсан зүйл биш.
-Тэгвэл 51 хувийг эзэмшиж буй гэдэг утгаараа танай компаниас тохижилт үйлчилгээ тал дээр ямар ажлуудыг хийсэн бэ?
-Наадмын үеэр улсаас төсөв хөрөнгө авч засвар үйлчилгээ хийлгэдэг, өөрсдөө юм хийдэггүй, орсон орлогыг нь намайг аваад халааслачихдаг мэтээр их бичдэг. Гэтэл бид ч ялгаагүй ААН байгууллага шүү дээ. Татвар төлдөг, тайлангаа гаргадаг. Орлого, ашиг, зарлага гээд бүгдийг л цаасан дээр буулгаад тайлангаа өгөөд улсад татвараа төлөөд явдаг. Засварын тухайд, энэ цэнгэлдэх хүрээлэн 1958 онд баригдсан. Өнөөдрийг хүртэлх засвар үйлчилгээг хоёр талаасаа хийгээд явж байгаа. Зөвхөн улс мөнгөө гаргаад засвар хийдэг биш. 51 хувийн эзэмшигч гэдэг утгаараа манайхаас ч олон зүйл хийсэн. Жишээлбэл, гүйлтийн тартанан зам, ногоон зүлэг, сүүдрэвчтэй секц, төв цэнгэлдэхийн ногоон барилгын гадна талын фасад гэх мэтийг үнийн дүнгээр нь тооцоод үзвэл асар их дүн гарна. Үүнийг хэн ч мэдэхгүй л дээ.
-Засвар хийсэн гэдэг дээр тодорхой тоон мэдээлэл байна уу. Ийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад энэ ажлыг хийсэн гэдэг?
-Бүтцээр нь ярья л даа. Цэнгэлдэх хүрээлэнд гүйлтийн тартанан зам 450 сая, хиймэл ногоон зүлэг тавихад нэг тэрбум 60 сая, сүүдрэвчтэй секц тавихад 930 сая төгрөг. Энэ бол зөвхөн 51 хувь эзэмшигч талаас буюу компаниас гаргаж хийсэн ажил түүнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ. Жишээлбэл, энэ гурван давхар байшин чинь дээр үеийн цагаан шохойтой, доороо цэнхэр будагтай дээр үеийн сумын сургууль шиг л байсныг иж бүрнээр нь зассан. Мөн дээврээс нь ус гоождог байсныг дээврийн төмрийг нь сольсон. Энэ бүгд тайлан тооцоо дээрээ байж л байгаа.
-Би Гүйцэтгэх захирал. Надад газар олгоод явах эрх мэдэл байхгүй-
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшилд одоогоор хэчнээн га газар хамаарч байна вэ?
-12 га газар гэж явж байгаа.
-Анх хувь шилжихдээ 30 гаруй га газар байсан боловч энэ хэмжээ багассаар 12 га болсон гэх яриа байдаг. Ер нь газар зарсан гэх асуудал дээр та ямар тайлбар хэлэх вэ. Уг нь нийслэл 49, танайхаас 51 хувийг эзэмшиж буй газар шүү дээ?
-Энэ газрыг хэн олгодог юм бэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Би Гүйцэтгэх захирал. Надад газар олгоод явах эрх мэдэл байхгүй. Үе үеийн нийслэлийн Засаг дарга нар захирамж гаргаж, газар зохион байгуулалтын хурлаараа оруулаад ТУЗ-аар орж нийслэлийн Засаг дарга олгодог. Үүнийг хүн бүр мэдэж байгаа.
-Танайх түрээслэгч тал. Тэгвэл төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй үйл ажиллагаа, арга хэмжээнээс орж ирэх ашиг орлогын тухайд танай компани ямар журмаар зохицуулдаг юм бэ?
-НӨАТ авдаггүй мөнгө тушаагч гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд НӨАТ авахгүй байна гэж байхгүй. НӨАТ-ын падаан бичиж өгдөг учраас манай мэдээлэл нээлттэй. Бүх орлого тайландаа тусгагдаад явна. Байгууллагын үйл ажиллагааны зардал болон хөрөнгө оруулалтын чанартай. Түүгээрээ сэргээн босгох, буцаан зарцуулна. Харин ашгийг 49,51 хувиар хувааж авдаг. Томоохон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулагдахад ашгийг нь бид нар авчихаж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тийм зүйл байхгүй. Одоо үед тийм зүйл байхгүй шүү дээ.
-Ариун цэврийн байгууламжийг яаж ч нэмсэн 30-35 мянган хүнийг нэг дор ямар ч оочир дугааргүйгээр оруулах боломж тун бага-
-Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан асуудлын нэг нь ариун цэврийн байгууламж. Хүртээмжгүй, нэмэх шаардлагатай гэдэг. Танайд хэчнээн бие засах хэчнээн цэг байна?
-16 цэгт 250 гаруй суултуур бий. Татар хамтлагийн тоглолтоор цэнгэлдэхэд ойролцоогоор 35 мянга орчим хүн орсон. Хүний тоон дээр хязгаарлалт тавиад байдаггүй. Үндсэн тоглолт нь 2 цаг 30 минутын л тоглолт болдог шүү дээ. 2 цаг 30 минутын тоглолт болох хугацаанд хүмүүс нэгэн зэрэг бие засах шаардлагатай болдог. 35 мянган хүнийг нэг дор оруулчих ариун цэврийн байгууламжийг шийднэ гэж байхгүй юм билээ. Ариун цэврийн байгууламжуудыг нэмэх шаардлагатай. Гэхдээ яаж нэмсэн ч 30-35 мянган хүнийг ямар ч оочир дугааргүйгээр оруулах нөхцөл тун бага.
-Ариун цэврийн байгууламж руу ороход дотор мөнгө авч байна гэдэгт бухимдах иргэд байсан?
-Төвлөрч буй мөнгийг манайх авдаггүй. Ажиллаж буй ажилчид нь тухайн ариун цэврийн байгууламжийн арчлалт, засвар, үйлчилгээний зардалдаа ашиглаад явдаг.
-Ойрын хугацаанд ариун цэврийн байгууламжаа нэмэх ажил хийгдэх үү?
-Ариун цэврийн байгууламжийг нэмэх санаа байгаа. Гэхдээ үүнд хугацаа орно шүү дээ. Өнгөрсөн жил наадамд зориулж 60 суудал нэмсэн. Гэхдээ бид ирэх хавар 70 суултуур нэмнэ.
-Тасалбар борлуулж буй газруудад 20 мянгаас илүү хүн оруулах боломжгүй гэх албан бичгийг хүргүүлсэн-
-Төв цэнгэлдэх хүрээлэн хэчнээн хүний багтаамжтай юм бэ?
-Суудлаараа бол 12280 хүний багтаамжтай. Гэхдээ зочид төлөөлөгчдийн суудал гээд нэмэгддэг.
-Багтаамж болон тасалбар борлуулалт хоорондоо ямар ч уялдаагүй байна. Тухайлбал, танайхаас багтаамжинд тохирсон тасалбар борлуулах шаардлагыг тухайн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж буй талдаа тавьж болдоггүй юм уу. Хэдийгээр та бүхэн түрээслүүлэгч тал боловч тодорхой шаардлага тавихгүй бол энд иргэдийн аюулгүй байдал талаасаа ч тэр эрсдэл гарахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Тийм ээ. Бид гэрээ байгуулдаг. Гэрээн дээр 20 мянгаас илүү хүнийг цэнгэлдэхэд оруулах боломжгүй гэдгийг заалт болгон оруулдаг. Тасалбартай үзэгчдийн тоо 5 мянга, дотор ажиллах хүч нь 5 мянга гээд 25 мянган хүний тоогоор гэрээ байгуулдаг. Тэгэхгүй бол аюулгүй байдал зөрчигдөнө, осол аваар гарах эрсдэлтэй гэдэг үндэслэлээр тоог ийнхүү заадаг. Гэтэл тасалбар борлуулах ticket.mn, shoppy.mn гээд хоёр л газар бий. Бид энэ хоёр байгууллага руу хүсэлтээ өгсөн. Ингэхдээ цэнгэлдэх хүрээлэнд болж буй тоглолтод 20 мянгаас дээш тасалбар хэвлүүлж борлуулж болохгүй. Ачаалал, аюулгүй байдал зэргээс авхуулаад асуудал байна гэдгийг албан бичгээр явуулсан.
Би shoppy.mn-ийн Гүйцэтгэх захиралтай хүртэл уулзаж, тасалбарын тоонд хязгаар тавих шаардлагатай талаар хэлсэн. Түүнчлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газартай энэ чиглэлээр ярьж байгаа.
-Ирэх есдүгээр сард олон нийтийн хүлээлтэд байгаа хоёр ч тоглолт энд болно. Танайхаас Татар хамтлагийн тоглолтын үеэр үүссэнтэй адил нөхцөл байдлыг бий болгохгүйн тулд хэрхэн яаж ажиллах бодолтой байна вэ?
-Ticket.mn, shoppy.mn газар тоглолтуудын билетийг хэвлэдэг юм билээ. Эдгээр байгууллагуудтай нягтарч ажиллана. Ингэхдээ багтаамжинд тохирсон тасалбар хэвлэх, тоог бариулах талаас нь хамтран ажиллах бодолтой байгаа.
-Цар тахлын үед төв цэнгэлдэх хүрээлэн ашиг орлогын тухайд хумигдмал нөхцөл байдалтай байсан. Энэ нөхцөл байдал одоо сайжирсан уу?
-Татарын тоглолтоос их ашиг хийчихсэн мэтээр сошиалаар сэвээд байх шиг байна. Он гарсаар гурав дахь тоглолт нь Татар байлаа. Одоо үлдсэн 2-3 тоглолт байна. Төв цэнгэлдэх хүрээлэн зуны зориулалттай. Зундаа үйл ажиллагаа явуулж, өвлийн улиралд ашиг байхгүй зарлагатай. Зундаа жаахан ашиг олдог. Жишээлбэл, үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 15-ны хүртэл ямар нэгэн арга хэмжээ хийхийг хориглодог. Энэ жил Зүүн Азийн спортын их наадам гээд наймдугаар сарын 16 хүртэл болсон. Энэ хугацаанд мөн адил үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулсан бол ашиг олно. Гэхдээ ингээд хорьчихсон учраас одоо намрын гурван тоглолт л байна.
-Ярилцсанд баярлалаа.