БШУЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран 2021-2025 онд ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулах зорилгоор мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, хяналтыг сайжруулах, хүүхдийн биеийн онцлогт тохирсон шим тэжээлийг тооцсон хоолны цэс боловсруулах онол, дадлагын “Сургуулийн үдийн хоолны менежментийг сайжруулах нь“ сэдэвт сургалтыг ШУТИС-тай хамтран 08 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулав.
Тус сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төсөлд хамрагдсан ерөнхий боловсролын 6 сургуулийн захирал, тогооч, хоол зүйч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежер зэрэг нийт 37 албан хаагч хамрагдлаа.
Энэ төсөл нь суралцагчдыг шим тэжээллэг үдийн хоолоор хангах, чадвартай мэргэжлийн ажилтныг бүрдүүлэх, орон нутгийн онцлогт тулгуурласан үдийн хоолны тогтолцоог бий болгох, эрүүл аюулгүй байдлыг хангасан хүнс нийлүүлэх чадавхыг сайжруулах зорилготой юм.