Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Inel Zaisan village" хотхоны иргэд ундны уснаасаа хордож, 200 гаруй иргэн гэдэсний халдвар болон цусан суулга өвчний шинж тэмдэг илэрч эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл буй. Тодруулбал наймдугаар сарын 1-нээс эхлэн оршин суугчдад халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өдөр ирэх тусам халдвар авсан байж болзошгүй хүний тоо нэмэгдэж байгаа гэдгийг оршин суугчид хэлсэн юм.
Тэгвэл бид энэхүү асуудлаар "Inel Zaisan Village" хотхоны оршин суугчид болон СӨХ, "Зайсан Sky ХХК"-ний холбогдох албан тушаалтантай холбогдож нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
"Оршин суугчдын өвчлөлийн шинж тэмдэг арилахгүй байгаа тул ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар "Inel Zaisan Village" хотхон дээр ирж ажиллана"
"Inel Zaisan Village" хотхоны СӨХ-ны дарга Б.Базаррагчаа:
"Наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугчдаас халуурсан, бөөлжсөн гэх шинж тэмдгүүдийг хэлж эхэлсэн. Ийнхүү найман сарын 4-с өрхийн эрүүл мэндийн байгууллагад хандсан. Өнөөдрийн байдлаар албан бус тоон мэдээллээр 69 өрхөөс аман яриа авахад нийт 249 хүн өвдсөн гэж бүртгэгдсэн. Үүнээс гүйлгэсэн 150, бөөлжсөн 83 , халуурсан 63, эмнэлгийн байгууллагат хандаж хэвтсэн 3 иргэн байна. Энэ мэдээллийг баталгаажуулахын тулд өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.
Манай хотхон ундны усаа гүний худгаас авдаг. 2 гүний худагтай. Анхны усны шинжилгээг контортой хамтран стандарт хэмжил зүйн газрын лабораторид наймдугаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгсөн. Хариу нь өнгөрсөн нэг дэх өдөр гарсан. Хоёр хариу зөрүүтэй гарсан учир дахин нягтлахаар нийслэлийн эрүүл мэндийн газар хандаж үндэсний лавлагаа Лабораторид усны шинжилгээ өгсөн. Хариу нь наймдугаар сарын 21-нд гарна гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Оршин суугчдын өвчлөлийн шинж тэмдэг арилахгүй байгаа тул маргааш буюу наймдугаар сарын 19-ны өдөр ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийхээр болсон" хэмээлээ.
Оршин суугчийн төлөөлөл: Манай гэр бүл 4 гишүүнтэй. Өмнөх долоо хоногоос эхэлж бүгд гүйлгэж эмнэлэгт үзүүлсэн. Наймдугаар сарын 5 хүртэл би хөдөө яваад ирэхэд хүүхдүүд маань өвдчихсөн байсан. Ундны усны шинжилгээний хариу маш ноцтой гарсан. Байх ёстой хэвийн тоо 100 юм билээ. Тэгтэл бүр 300 гэсэн хариу гарсан гэж сонссон. Харин хариуцсан компанийн зүгээс ноцтой гарсан шинжилгээний хариуг өөрчилж оршин суугчдыг төөрөгдөлд оруулсан. Үүндээ тайлбар хийхдээ санамсаргүй байдлаар өөрчилсөн гэж хэлсэн. Би энэ тайлбарт нь итгэхгүй байгаа. Албаар энэ асуудлыг дарж өнгөрөх зорилготой байсан байх" гэв.
Оршин суугч Б.Дашбаатар: Манай гэр бүл 8 гишүүнтэй. Хоёр хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн. Би өөрөө гүйлгэж түргэн дуудаж эм бичүүлсэн. Манай 2 настай хүүхэд ч бас гүйлгэж, халуурсан. Одоо ундны усаа дэлгүүрээс худалдан авч хэрэглэж байна" гэлээ.
Оршин суугч: Гүний худгийн шугамыг нь эвдсэн гэж дуулсан. Би өөрөө хууч өвчин ихтэй хүн. Манай гэрт ирсэн 17 настай Аутизмтай хүүхэд хүртэл өвчний шинж тэмдэг илэрч маш хэцүү нөхцөл байдал үүссэн. Манай хотхоны бүх оршин суугчдад тодорхой хэмжээний шинж тэмдэг илэрсэн байгаа. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь хурдан шийдэж өгөхийг хүсэж байна" гэв.
Тэгвэл бид энэхүү хотхоны ундны ус ямар шалтгаанаар бохирдож иргэдийг өвчлөлд хүргэх болсон шалтгааны тодруулахаар Зайсан Sky компанийн ерөнхий инженер Д.Түвшинжаргалтай ярилцлаа.
Тэрбээр "Inel Zaisan Village" хотхоны хойно эзэнгүй хашаа бий. Тэр хашаанд зайсанд барилга барьж буй компани шороогоо асгаад буцаад шороогоо авдаг болоод олон жил болж байна. Харин энэ жил "Inel констракшн" гэх компани шороогоо зөөж авч байхдаа бохирын худгийн таг хагалж, гэмтээж бохир ус бөглөрөх асуудлыг бий болгосон.Манай байгууллагын зүгээс очиж бөглөрлийг гаргах гэж 4 хоногийг зарцуулсан. Энэ үед тухайн эзэнгүй хашаа тэр аяараа бохирын усанд автсан. Үүнээс шалтгаалж хотхоны ундны ус бохирдсон. Иргэдээс өвчний шинж тэмдэг илрэх үед СӨХ-тэй хамтран өрхийн ундны ус болон гүний худгийн уснаас дээж авч хоёр газар шинжилгээ өгсөн ч зөрүүтэй хариу гарсан тул дахин шинжлүүлж байна.
Харин манай байгууллагын зүгээс хамгийн эхний шинжилгээний хариуг оршин суугчдад мэдээлэхдээ алдаа гаргасан. Үүнийг иргэд албаар асуудлыг нуун дарагдуулах гэсэндээ ийм зүйл хийлээ гэх шүүмж ирж байгаа. Уг хэрэгтээ энэ нь ажилтны санамсаргүй алдаа байсан тул оршин суугчдаас хүлцэл өчье" гэв.
Хан-Уул дүүргийн 11-р хорооны өрхийн эмнэлгийн халдварт өвчин хариуцсан эмчийн мэдээлснээр тухайн хотхоны зарим оршин суугчид ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөд цусан суулга өвчин илэрчээ. Өдөр ирэх тусам гэдэсний халдварт өвчин болон цусан суулга өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул холбогдох албан байгууллага шуурхай арга хэмжээ авахыг оршин суугчид хүсэж байна.