Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл хийж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьчлал, "Цемент шохой" ХК-д холбогдох эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан талаар мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлжээ. Шүүх прокурорын саналыг хараахан шийдвэрлээгүй байгаа аж.
Эргэн сануулахад, 2023 оны 2 дугаар сарын 9-нд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Харин Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр шалгагдаж буй Д.Эрдэнэбилэгийг хилээр гаргасан нь шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардахад хүргэж байгаа учраас АТГ-д хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлсэн байдаг.