Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд ХХБ-ны ТУЗ"-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардаж мэдээлэл хийлээ.
Тодруулбал, АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат “АН 2012 оны сонгуулиар олуулаа болж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүний дараа 2013 онд АН-ын байрыг шинэчлэхээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсэн. Тэр цагаас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр Ардчилсан намын өмч хөрөнгө, байрны асуудал "эзэнгүй" байна. Сүүлийн гурван жил бид Худалдаа Хөгжлийн банктай шүүхийн маргаан үүсгэх гэж оролдсон. Тэр болгонд шүүхээс АН-ыг чинь хуулийн дагуу төлөөлөх хүн алга гэдэг тайлбарыг хийж ирсэн.
Гэрээний хугацаагаараа яривал бид өнөөдөр 25 давхар байртай. Тэндээ хурлын заалтай. Залуучууд нь цугладаг. Бодлогын мэтгэлцээн явуулдаг. Судалгааны төвтэй байр боох хугацаа өнгөрөөд бараг 5 жил өнгөрчихлөө. АН-ын 2016, 2020 оны ялагдалд энэ бүхэн нөлөөлсөн гэж бид харж байгаа. Бид өнөөдөр байргүйгээсээ болоод нэг нь нэг байр түрээсэлж авч гараад тэндээ Ардчилсан нам гээд л тэндээ хүмүүсээ цуглуулаад, нөгөө хэсэг нь бас байр түрээслээд түүнийгээ АН гээд л явж ирлээ. Уг асуудлыг бид нам дотроо ярихад байраар яах юм. Бараг ХХБ-ны зөв гэсэн бүлэглэл бий болчихсон байна. Намын эд хогшлыг тонодог, дээрэмддэг. Энэ намыг ялагдуулах зорилготой зохион байгуулалттай бүлэглэл АН дотор үүссэн.
Тэр бүү хэл 2020 оны сонгуулийн дараа намын эд хогшлыг хүлээж авсан хүмүүс өнөөдрийг хүртэл намын даргад эд хогшлоо хүлээлгэж өгөөгүй байна. Шонхор таураас 30 компьютер, 30 автомашин, тавилга, намын архив, дуу бичлэгүүд, зураг гэх зэрэг намын биет болон биет бус өмчүүдийг авч явсан. Өнөөдөр Лу.Гантөмөр даргад үүнийгээ хүлээлгэж өгөлгүй 3 жил боллоо.
ХХБ-ийн ТУЗ-ны дарга Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас маш их хэмжээний зээл авсан. Оролцоогүй салбар гэж байхгүй. Сүүлдээ улс төрийн намын байрыг дээрэмдэж авсан. Тийм болохоор өнөөдөр бид Соёлын төв болон Дуурийн театрын дунд байсан АН-ын газрыг эргүүлж авах, залуучууд өөрсдөө хөрөнгө босгож намын байраа өөрсдөө барья гэдэг санаачилга гаргаж байна. ХХБ-ны Д.Эрдэнэбилэгээс АН байраа авна, 2024 оны сонгууль хүртэл бид нар байрандаа орох ёстой. Үүнийг ХХБ хариуцах ёстой. Мөн газраа авах шаардлага тавьж байна” гэв.