УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталсантай холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх малчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаатай төр хариуцан төлөх зохицуулалт ирэх онд хэрэгжиж эхлэхээр болсон юм. Тэгвэл уг зохицуулалтыг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж, иргэний зүгээс ҮХЦ-д хандсан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн цахим хуудастаа "Энэ зохицуулалт улсын төсвийн зардлыг нэмээд зогсохгүй бага цалингаасаа шимтгэл төлдөг байр, машин, цалингийн гээд олон зээлтэй иргэдийг хохироосон зохицуулалт болсон. Нийгмийн даатгалын багц хуульд ерөнхийлөгч хориг тавих хугацаа өнгөрч тус хууль ҮХЦ-д очоод байгаа. Улсын хэмжээнд 300 мянга гаруй малчин байгаагаас НДШ төлөх насны 223 мянган иргэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 66 мянган малчин шимтгэл төлдөг. Мөн нэг малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550 мянган төгрөгөөр тооцож НДШ төлбөл 13,5 хувь буюу сард 63,250 төгрөг төлнө.
Эхний 5 жилийн шимтгэлийн 50 хувийг буюу 1,897,500 төгрөгийг төрөөс төлөхөөр болсон. Нэг малчны 1,897,500 төгрөгийг шимтгэл төлөх насны 223 мянган малчнаар тооцон бодвол /423 тэрбум/ төгрөг төр хариуцна. Үүн дээр шимтгэл төлж байгаа 66 мянган малчны 1,897,500 төгрөгийг нэмж бодвол 125 тэрбум буюу нийт /548 тэрбум/ төгрөг төсвөөс буюу бусад татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа гэж ойлгож болно.
Энэ зохицуулалт нэг малчинд өгөх үр шим тийм ч сайн биш, мөн нийт татвар төлөгчдөө хохироож байгаа зохицуулалт болсон. Үүний оронд нийт татвар төлөгчдийн НДШ-ийн хувь хэмжээг буулгах нь аль ч талдаа хэрэгтэй шударга зөв зохицуулалт болох байсан гэдгийг удаа дараа хэлж байлаа. Энэ асуудал дээр ҮХЦ ямар шийдвэр гаргахыг бид бүгд анхааралтай ажиглаж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй шүү" хэмээв.