НИТХ-ийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэл 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, түүгээр хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулсан. Тодруулбал, үүнээс 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч 45 хоногийн хугацаанд шатаах туршилт хийнэ гэх асуудал яригдсан. Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Утааны асуудал дахин нэг жилийн турш яригдах учир санхүүгийн хувьд Нийслэлээр бонд гаргуулж шийдээд дараа нь Сангийн яам, Нийслэл хоорондоо асуудлаа шийдэх болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө сайжруулсан шахмал түлш нь өндөр алдагдалтай явж байгаа. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүссэн.
Хагас кокосын үйлдвэр барьсан тохиолдолд нэг тонн түлш 700 мянган төгрөгийн өртөгтэй болно. Одоогоор 150 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. Шууд нэмж болохгүй байх. Ямар ч байсан утаагаа одоо байгаагаас 50 хувь багасгая гэж байгаа юм. Бүрэн утаагүй болно гэж байхгүй. Мөн Улаанбаатарчуудын бүх айлд одоо түлж байгаа шахмал түлшийг зогсоогоод коксжих нүүрс түлүүлнэ.
177,5 тэрбум төгрөгөөс бага өртгөөр туршилт хийхээс өөр боломж байхгүй байна. Коксжих нүүрс түлснээр тортог, тоосонцор багасна. Мөн Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэл сайн явж байна. Дулаан болон цахилгааны шугам бүгдэд засвар хийж байгаа" гэсэн юм.